Хуримтлалын аяныг "Хуримтлуулахад хялбархан" уриан дор эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-01 14:33:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хуримтлалын өдөр тохиож буйтай холбогдуулан хуримтлалын аяны нээлт өнөөдөр "Блю Скай" зочид буудалд боллоо. Сарын аяныг улсын хэмжээнд явуулж буйг зохион байгуулагч Монголбанкнаас мэдээллээ. Тухайлбал, энэ сарын 20-нд Дархан-Уул аймагт, 22-нд Орхон аймагт, 27-нд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод, 31-нд нийслэлд тус тус зохион байгуулна. 


Аянаар иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, дэмжих, хуримтлалыг хэвшүүлэх талын сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Тухайлбал, хүүхэд, залуучуудын дунд гар зургийн, цахим орчинд Тик Ток видео, мийм (Meme) бүтээлийн уралдаанууд болж хуримтлалын ач холбогдлыг сурталчлан таниулах юм.

Хуримтлалын талаар Монголбанкны Олон нийтийн боловсролын төвийн ахлах эдийн засагч Н.Батжингаас тодрууллаа. 


-Мөнгөө хуримтлуулна гэдгийг хамгийн товчоор юу гэж тодорхойлох вэ?

-Товч хэлбэл, энэ нь мөнгөн орлогоо жигд хуваарилах юм. Ерөнхийдөө санхүүгийн тооцоо юм. Тодруулж хэлбэл, мөнгөө хуримтлуулах нь аливаа учирч болох, үүсэх эрсдэлээс өөрийгөө хамгаална гэсэн үг. 

Манай монголчууд төлбөрийн чадвартай буюу мөнгөтэй хүн л мөнгөө хуримтлуулдаг гэсэн нийтлэг буруу ойлголттой байдаг. Гэтэл иргэдийг, ялангуяа хүүхэд залууст санхүүгийн боловсролоор дамжуулан мөнгийг их, бага гэлтгүй хуримтлуулаад эхэлбэл энэ нь үнэхээр хэрэгтэй зүйл юм гэдгийг ойлгуулах нь чухал байна. 


-Мөнгө хуримтлуулна, хөрөнгө оруулна гэхээр манайхан мөн том дүнгээр ойлгож хараад байдаг тал бий?

-Тийм биш юм. Хуримтлал болон хөрөнгө оруулна гэдэг том байх албагүй. Өөрийнхөө амьдралын чадамжийг харгалзан сарынхаа орлогод тохируулаад 10 хувиар цалин мөнгөө хуримтлаад байвал өөртөө дарамтгүй, аливаа эрсдэлээс хамгаалах, төлбөрийн чадамжтай болох үндэс болно. Тиймээс хуримтлалыг багаас эхлэх хэрэгтэй. Энэ жилийн хуримтлалын аяныг "Хуримтлуулахад хялбархан" гэсэн уриан дор явуулж байгаа нь үүнтэй холбоотой. 


-Иргэд мөнгөө ямар хялбар аргаар хуримтлуулах вэ?

-Хүн бүр л мөнгөө хуримтлуулах өөр өөрийн аргатай байх. Түгээмэл арга нь бага багаар хийх. Хүүхдүүдийн хувьд банканд очоод байхгүй учир "гахай"-нд мөнгөө хийж цуглуулах арга байдаг. Мөнгөний "гахай"-г бид монгол маягаар тэмээгээр орлуулж хуримтлалын бэлгэ тэмдэг бүхий лого болгоод байгаа гэв. 


"Манай улсад хуримтлал үүсгэх боломж хэр байдаг, бусад улс оронтой харьцуулж үзэхэд манайх өөр ялгаатай түвшинд байгаа юу?" гэсэн асуултад өнөөдрийн хуримтлалын аяны нээлтэд оролцсон Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амараас тодруулбал, "Энд юуны өмнө бусад улстай харьцуулахаас илүү манай иргэд амьдралын хэв маягаа өөрчлөхгүйгээр ирээдүйд мөнгө хуримтлуулах нөхцөл байдлыг бий болгох хэрэгтэй юм. Хуримтлал гэдэг онцгой шаардлага үүсэх, эрсдэл учрахаас өөрийгөө хамгаалж байгаа төлбөрийн чадамж бүхий нөөц юм. Үүнийг юуны өмнө ойлгуулж хувийн санхүүгийн нөхцөл байдлыг бүрдүүлэх нь чухал. Бусад улс оронд адил, ийм л зарчмаар явдаг" гэсэн юм. 


Тэрээр хэлэхдээ, "Хүн 40 орчим насандаа хамгийн их буюу өндөр орлого олдог.  Тэрнээс хойш орлого олох байдал аажмаар буурсаар тэтгэвэрт гарахад амьдралын түвшин нь огцом буурахааргүй байх ёстой. Нэг ёсондоо орлогоо жигд хуваарилаад явахыг л хуримтлал гэж буй"-г онцолж байлаа. Энд санхүүгийн тооцоо чухал байдаг аж. 


Энэ оны 8 сарын байдлаар манай улсад зээлийн үлдэгдэл 17.2 их наяд төгрөг болоод байна. Тэгвэл нөгөө талд хадгаламжийн хэмжээ 16 их наяд төгрөг болжээ. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэл 2.9 их наяд төгрөг байна. Үүнийг энэ жилийн хувьд COVID-19" цар тахлын хүндрэлтэй байдалтай холбож байгаа ч иргэдийн санхүүгийн боловсрол дутуу байгаа явдал мөн нөлөөлж байна хэмээн үзэж буйгаа банк, санхүүгийн мэргэжилтнүүд илэрхийлж байв. 


"Дэлхийн хуримтлалын өдөр-2020" аяны нээлтэд Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын байнгын орлогч, хатагтай Рүтенберг, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал А.Бум-Эрдэнэ, зохион байгуулагч Германы "Шпаркассэ" банкны Монгол дахь суурин төлөөлөгч Маркус Лох зэрэг албаны хүмүүс, арилжааны банкуудын төлөөлөгч нар оролцлоо. 

"Дэлхийн хуримтлалын өдөр-2020" аяны хамтрагчаар "Мөнх Тунх" анимейшн ажиллаж, Монгол хуримтлалын бэлгэ тэмдэг болсон ботгоны түүхээр хүүхэд багачуулыг аялуулж, мөнгөө цуглуулж хуримтлуулах боловсролыг олгох аж. 

Манай улс 2017 оноос хуримтлалын үндэсний бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улс даяар тэмдэглэж эхэлсэн юм.

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ