Засаг дарга тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөлтэй уулзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-01 08:12:26

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тусгай хэрэгцээт /хөгжлийн бэрхшээлтэй/ хүүхдүүдийн эцэг эхийн төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцлоо.

Аймгийн Засаг даргын зүгээс эдгээр хүүхдийг нийгэмшүүлэх, хамтдаа хөгжих газар байгуулах саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэл яриа, хараа, сонсгол, сэтгэц, мэдрэл, даун гэх мэт тусгай хэрэгцээт 300 гаруй хүүхэд байдаг аж. Эдгээрийн 100 гаруй нь аймгийн төв Сүхбаатар суманд амьдардаг байна. Ийм хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хэн нэгэн нь ажил хийх боломжгүй, хүүхдээ байнгын асрамжид харж гэртээ байдаг нь бодит үнэн. Иймээс аймгийн даргын зүгээс ”Аав, ээж нь ажил төрлөө амжуулахдаа үлдээгээд явж болдог, хүүхдүүдийг харж хамгаалдаг тийм орчин нөхцөлийг бүрдүүлсэн газар байвал илүү тохиромжтой байна. Тэнд нь үзэж харах зүйлтэй, эмч, багштай, өөрсдөд нь тохирсон орчин байх хэрэгтэй. Энэ санаагаа ажил болгоё гэж бодож та бүхэнтэй уулзаж, саналыг тань сонсохыг хүссэн юм” хэмээн хэлж байлаа. Эцэг эхчүүдийн төлөөлөл ч өөрсдийн санал бодлоо хэлж харилцан ярилцлаа.

 

Холбоотой мэдээ