Цар тахлын дараа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах улс орнуудын өрсөлдөөн ширүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-30 20:31:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийт “COVID” цар тахлыг даван туулсны дараа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах улс орнуудын өрсөлдөөн ширүүснэ гэдгийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өнөөдөр болсон “Roundtable 2020” гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын форумын нээлтийн үеэр онцлов.


Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүйгээр адил тэгш байх зарчмыг баримталдаг, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон. Гэвч цар тахлын дараа хөрөнгө оруулалт татах өрсөлдөөн ширүүсэх тул өнөөдрөөс бэлтгэлээ хангаж, хууль эрх зүйн орчноо илүү таатай, нээлттэй болгож, хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах “ухаалаг” хөшүүргийг бий болгох зайлшгүй шаардлага үүсэж байна" хэмээсэн юм.


Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, нөхцөлийг сайжруулахын тулд эрх зүйн болоод гүйцэтгэх засаглалын хүрээнд юуг шинэчлэн засаж сайжруулах, ямар тулгамдсан асуудал, санал, шүүмжлэл байгааг хувийн хэвшлийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас нээлттэй сонсох зорилготой тус форумд УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайд нар зэрэг 150 орчим хүн оролцсон юм.


Форумын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, "УИХ-аас гадаад худалдааг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үр ашгийг нь дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж, энэ талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ирсэн ч үр дүн нь санасан хэмжээнд хүрэхгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, уялдуулан зохицуулж байх бүтцийг бий болгох асуудлыг Засгийн газрын хэмжээнд авч үзэж шийдвэрлэх хэрэгтэй" хэмээв.


Мөн гадаадын хөрөнгө оруулалтын талаар уулзалт, форумыг УИХ-ын хавар, намрын ээлжит чуулганы өмнө тогтмол зохион байгуулж байх уламжлалыг тогтоох нь зүйтэй гэдгээ илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ