Ш.Чулуунбор: "Хүмүүн бичиг" сонин сургалтын гол хэрэглэгдэхүүн болдог байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-09-30 18:11:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавьяат багш Ш.Чулуунбор 20 гаруй жил монгол бичиг заасан түүхээ танилцуулах “Би монгол бичгийн багш” үзэсгэлэнгээ орон нутаг төдийгүй, Улаанбаатар хотноо гаргахаар болжээ. Түүнтэй үзэсгэлэнгийнх нь талаар цөөн хором ярилцлаа. Юм ховор, цаг өөр байсан тухайн үед монгол бичгийн багшийн сургалтын гол хэрэглэгдэхүүн нь "Хүмүүн бичиг" сонин байжээ. 


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Би монгол бичгийн багш” үзэсгэлэнгээ яагаад гаргахаар болов?

-Би 1986 оны хичээлийн жилээс ЕБС-д анх удаа монгол бичгийг зааж эхэлсэн. Монгол бичгийг сэргээн заасан багш нарын анхдагч нь гэж хэлж болно. Тухайн үед сургалтын орчин, хэрэглэгдэхүүн их ховор байлаа. Багш нар нь ч бүрэн бэлтгэгдээгүй байсан цаг. Тэр үед багш нар ямар бэрхшээлийг туулж сурагчдад монгол бичиг зааж байв гэдгийг харуулах, нөгөө талаар 20 гаруй жил монгол бичиг заахдаа ямар үр бүтээлтэй ажиллав гэдгээ тайлагная гэж зориг шулуудан үзэсгэлэнгээ гаргахаар шийдсэн. Хуучин цагт монгол бичгийн багш нарыг тусгайлан бэлтгэдэггүй, курсээр дамжуулж л бэлтгэдэг байлаа шүү дээ. Тэгэхээр багш нар өөрсдөө суралцангаа сурагчдаа сургаж байсан үе юм. Багш гэдэг суралцагч бас судлаач байлаа. Тиймээс  энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулж залуу багш нарт санаа сэдэл өгөхийг мөн зорьж байна.

-Тухайн үед багш нар гараараа л сургалтын хэрэглэгдэхүүнээ хийдэг байсан байх. Тэгэхээр тэдгээр хэрэглэгдэхүүнүүд гол үзмэр болох нь тийм үү?

-Тэгэлгүй яахав. Сургалтын хэрэглэгдэхүүнээ хийхээс гадна багш хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэхийн тулд яаж байв гэдгийг эндээс харж болно. 1990-ээд оны эхээр МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сонин уншигчдад хүрч эхэлсэн. Энэ сонин тухайн үед монгол бичиг заахад гол амин хэрэглээ болж, сургалтын гол хэрэглэгдэхүүн болж байлаа. Сонины материалыг багш нар яаж ашиглаж байв, сурагчдад хэрхэн ашиглуулж байв гэдгийг танилцуулах юм. Мөн 20 гаруй жил багшлахдаа хэд хэдэн ном гаргалаа. Эдгээр бүтээлээ ч дэлгэж танилцуулна.

-Таны хувьд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргах гэж байна. Ямар байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна?

-Мэдээж би ганцаараа хүчрэхгүй шүү дээ. Үзэсгэлэнд дэлгэх материалуудаа бие даан бэлтгэж байна. Харин зохион байгуулалтад аймгийн Боловсрол соёлын газар, "Хүмүүн бичиг" сонин, аймгийн Ахмад багш нарын холбоо, мөн монгол хэл бичгийн багш нар маань хамтарч байна.

-Яг хэзээ, хаана болох юм бэ?

-10 дугаар сарын 02-нд аймагтаа, 10 дугаар сарын 08, 09-нд Улаанбаатар хотод Соёлын төв өргөөнд гаргахаар төлөвлөсөн.

-Одоо хувиараа монгол бичгийн сургалт явуулж байна уу?

-Төр засгаас хос бичигтэн болох бодлого хэрэгжүүлж буйтай холбоотойгоор сүүлийн үед албан газруудад монгол бичиг зааж байна. Хэд хэдэн газрын алба хаагчдад заасан. Зав зайгаараа мэргэжлийн багш нартаа ахмад багшийн хувиар сургалт семинарыг өгдөг. Мөн жил бүр 12 дугаар ангийн сурагчид болоод багш нарын монгол бичгийн олимпиадыг өөрийн нэрэмжит болгон ивээн тэтгэж байна.

-Сүүлийн үед томчуудад зааж байна гэлээ. Ер нь монгол бичгийг хүүхдэд заах, насанд хүрэгчдэд заах хоёр ялгаатай биз?

-Ялгаа үнэхээр их бий. Томчууд тийм ч амархан сурч чаддаггүй. Хуучиндаа баригдана, олон бэрхшээл тоочихоос эхлээд хичээл зүтгэл нь хүүхдээс бага байдаг. Тиймээс томчуудтай ажиллахад цаг их орох талтай байдаг. Харин хүүхэд их амархан сурдаг. Одоогийн хүүхдүүдийн бичих, унших чадвар, юмыг хурдан тусгаж авах чадвар сайжирсан байна. Мөн сургуулиудад монгол бичгийг үзэх хичээлийн цаг нэмэгдсэнд их таатай байгаа.

-Монгол бичгийг заах таны сургалтын арга барил юу вэ?

-Урьдын цагт огт бичиг үсэг мэдэхгүй хүнд анхлан монгол бичгийг заадаг байлаа. Харин одоо бол крилл бичиг мэддэг хүүхдүүдэд монгол бичгийг заах болсон. Энэ хоёр хоорондоо асар их ялгаатай. Сургалтын арга барил ч өөр өөр. Үүнийг яг өөрийн биеэр мэдэрч байсан учир крилл бичигтэнд монгол бичиг заах арга гэдэг ном гаргаж байлаа. Яг энэ чиглэлээр олон жил судалгаа хийсний үндсэн дээр номоо гаргаж байсан, одоо ч энэ чиглэлээрээ багш нартаа сургалт зөвлөгөө өгдөг.

-Сүүлийн үед монгол бичгийн багшаар бэлтгэгдэн ирж байгаа залуу багш нар болоод аймгийнхаа монгол бичгийн багш нарын ур чадвар, заах арга барилыг та хэрхэн дүгнэдэг вэ?

-Биднийг оюутан байхад монгол бичгийг дөнгөж цагаан толгой үзүүлээд шүүлэг авах төдийд л заадаг байлаа. Тэр үеийг бодвол одоо цаг сайхан болсон. Монгол бичгийн багш нарыг сайн бэлтгэдэг болсон байна. Өнөөгийн багш нар бичих болоод онолын сайн чадвартай болсон гэж би дүгнэдэг. Манай багш нар үнэхээр мэдлэгтэй, чадвартай болсонд маш их баяртай байдаг.

--Монгол бичгийн талаар хүн бүр өөр өөрийн гэсэн бодолтой байдаг. Ахмад багшийн хувьд, мөн олон жил багшилсан хүний хувьд та монгол бичгийг юу гэж тодорхойлж хэлэх вэ?

-Монголчууд бичиг үсгээ сайжруулах олон оролдлого хийсэн, бараг арваад бичиг сольсон ард түмэн шүү дээ. Тиймээс Монголчууд бол шинэчлэгч ард түмэн гэж би боддог. Гэвч анх үүссэн цагаас хойш өнөөг хүртэл монгол бичиг 1000 гаруй жил хэрэглэгджээ. Тэгэхээр энэ бол үндэсний сонгодог бичиг юм гэж би тодорхойлох дуртай. Тиймээс бид өөрсдөө л үүнийгээ хэрэглэх, сурах нь зүй ёсны хэрэг. Монгол үндэстэн дэлхий дахинд оршин тогтнож байгаа л юм бол өөрийнхөө бичиг соёлыг хамгаалж үлдэх үүднээс монгол бичгийг сэргээж, нийт хүн ардын оюуны соёлын хэрэгцээг хангахад ашиглах зайлшгүй шаардлагатай юм.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ