Улсын онцгой комиссын шуурхай бүлэг ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-09-30 14:37:25
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Улсын онцгой комиссын шуурхай бүлэг ажиллаж тодорхой асуудлуудад анхаарахаар боллоо.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцах, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан шуурхай бүлэг тус аймагт ажилласан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар болон аймаг орон нутгийн удирдлагууд тулгамдсан асуудлыг хөндлөө. Тухайлбал өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, отор нүүдэл ихтэй газарт худаг ус гаргах, мал мах худалдаалах, хилийн боомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон жолооч нарын нийгмийн асуудал, эрүүл мэндийн байгууллагын унаа тэрэг, эмч ажилчдын нийгмийн асуудал зэргийг хөндөж Улсын онцгой комисст уламжлан асуудлыг шийдэж ажиллахаар болов.
Өмнөговь аймгийн зарим суманд зундаа бороо ороогүйгээс бэлчээрийн хомсдол үүсэх төлөвтэй байгаа аж. Мөн аймаг дотроо отор нүүдэл ихтэй мөн зэргэлдээ аймгуудаас оторчид ирж байгаа тул ногоотой сумд ч бэлчээрийн хомсдолд орох магадлал өндөртэй байна.

Холбоотой мэдээ