Сэтгүүлчид "Цахиур" хагалахаар үзгээ хурцалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-09-23 17:46:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд мэргэжлийн сэтгүүлзүй сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Үүний жишээ нь, сэтгүүлчид хүний эрх, байгаль орчин, эдийн засаг, эрэн сурвалжлах зэрэг чиглэлээр төрөлжиж буй явдал юм. Энэ дотроо сэтгүүлзүйн хамгийн нарийн, хүнд сэдвээр бичдэг эрэн сурвалжлах сэтгүүлзүй сүүлийн жилүүдэд товойн гарах болсон нь Монголд мэргэжлийн сэтгүүлзүй эрчимтэй хөгжиж буйн нэг том жишээ юм. 

Нэгэн үе Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүй хөгжих болоогүй байна, нөхцөл нь бүрдээгүй байна, цаг болоогүй байна гэж ярьж, бичиж ирсэн. Тэгвэл өнөөдөр тэгэж хэлэхээргүй болжээ. Өнөөдөр их, дээд сургуулиудын Сэтгүүлзүйн ангийн оюутнуудад эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хичээл орж, оюутнууд гадаад, дотоодод болсон үйл явдалд задлан шинжилгээ хийн, үйл явдлын мөрөөр багаар ажиллах хэмжээнд хүрчээ. 

Цаашилбал, Ц.Балдорж агсны шагналын уралдаанд сүүлийн жилүүдэд уул уурхай, байгаль орчны сэдвийг хөндсөн эрэн сурвалжилсан бүтээлүүд зонхилох болсон. Үүний зэрэгцээ Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулдаг болсон. Энэ нь Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс жил бүр зохион байгуулж буй "Цахиур” уралдаан юм. Монголын Хэвлэлийн хүрээлэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих үйл ажиллагааг 2017 оноос Германы "Дойче Велле" академитай эхэлж, 2018, 2019 онд МҮОНТ-тэй хамтран хэрэгжүүлж энэхүү мэргэжлийн уралдааныг зохион байгуулж ирлээ. 


Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүй эрх зүйн шинэчлэл шаардах хэмжээнд очжээ.


Уралдаанаас гадна Монголд дата сэтгүүл зүй зэрэг эрэн сурвалжлах сэтгүүлзүйн арга хэрэгсэл, төрлүүд хөгжиж буй нь сайшаалтай. Хэвлэлийн Хүрээлэнгээс эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийг дэмжиж, шинэ шатанд хүргэх зорилгоор Германы "Дойче Велле" академийн дэмжлэгтэйгээр багш нарын багийг мэргэшүүлж, эрэн сурвалжлах болон дата сэтгүүл зүйн чиглэлээр шинэ сургалтууд явуулж буй талаар Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн Сургалтын албаны дарга Р.Оюунцэцэг хэлж байна. Энэ бүхнээс улбаалан өнөөдөр Монголын сэтгүүлчид эрэн сурвалжлах сүлжээ хүртэл байгуулан ажиллаж байна. 


"Ийгл" телевизийн тоймч, сэтгүүлч Б.Отгоны хэлсэнчлэн "Сэтгүүл зүйг хөгжүүлье гэвэл сэтгүүлчийг хөгжүүлэх, хамгаалах нь туйлын чухал болж буй бөгөөд хууль эрх зүйн хувьд ч гэсэн өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай тулгарч байна" хэмээн Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүй эрхзүйн шинэчлэлийг шаардах хэмжээнд очоод буйг хэлж байна.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шилдэг бүтээлийг шалгаруулдаг "Цахиур” уралдааны талаар өгүүлэхэд өдгөө 4 дэх жилдээ болох гэж буй тус уралдааны шилдгээр өнгөрсөн хугацаанд:

  • “Ийгл” телевизийн сэтгүүлч У.Болортуяа: “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургуулийн сурагчдын эрх” ноцтой зөрчигдөж байгааг харуулсан нэвтрүүлгээрээ, 
  • 2018 онд “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга: Цагаан цахирын ордод үйл ажиллагаа явуулж буй “Спэйшл майнз” компани үйлдвэрийн ажилчдынхаа эрүүл мэндийг үл тоон буруутай үйл ажиллагаагаа нуун далдлах оролдлогуудыг ил болгон бичсэн “Хувьсан өөрчлөгдсөөр буй “үнэн” буюу цианитын хэргийн буруутан хэн бэ” гэсэн 10 цуврал сурвалжилгаар,
  • 2019 онд мөн “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга: “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна” цуврал бүтээлээрээ тэргүүлж, (Х.Уянга хошой шагналтан болсон) өөрийн нэр болон нийтлэлээрээ хэдийн олны танил болж эрэн сурвалжлах сэтгүүлзүйд цахиур хагалсан билээ.


"Цахиур"-тай зэрэгцэн Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс эрэн сурвалжлах “Investigative Journalism Dialogue” сэтгүүлзүйн уулзалт хэлэлцүүлэг бүхий хурлыг 2017, 2018 онд зохион байгуулсан. Хамгийн сүүлд өнгөрсөн оны сүүлээр болсон эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хэлэлцүүлэг нь "Үнэн мөхөсдөх эрин үеийн эрэн сурвалжлах сэтгүүлзүй" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Тус хэлэлцүүлэг нь нийгмийн сүлжээнд бодит бус мэдээлэл газар аваад буй үед болсон. Энэ нь нэг талаар цагаа олсон үйл ажиллагаа болсон. Юу гэвэл иргэд олон нийт санаатай болон санамсаргүй байдлаар гуйвуулсан, баримт нотолгоогүй мэдээлэлд сэтгэлийн хөөрлөөр хандан, энэ байдал нь нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж буйг хөндөж, чухам ийм нөхцөл байдалд баримт нотолгоонд суурилан ажилладаг эрэн сурвалжлах, мэргэжлийн сэтгүүлчдийн үнэнийг илрүүлэх үүргийг хөндөн, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлсэн нь цаг үеэ олсон нийгмийн захиалга бүхий дохио болсон юм. 

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хэлэлцүүлэг, хурлууд нь мэргэжлийн сэтгүүлзүйн зарчим болох баримтыг нягтлан шалгах, дата сэтгүүл зүй буюу тоон мэдээллийг сэтгүүл зүйн бүтээлд хэрэглэх, эрэн сурвалжлагад сошиал медиа болон вэб аргуудыг ашиглах, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн бие даасан хараат бус үйл ажиллагааг дэмжих зэргээр санал бодол, туршлагаа хуваалцдаг, сэтгүүлчдэд, ялангуяа залуу сэтгүүлчдэд суралцах, хөгжих боломжийг олгодог индэр болж ирлээ. 


Холбоотой мэдээ