Олон улсын Энхтайвны өдрийг тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-09-21 17:28:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Энхтайвны өдөр өнөөдөр олон улсад тэмдэглэж байна. 

1981 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар жил бүрийн 9-р сарын 21-нийг “International Peace Day” буюу “Олон улсын энхтайвны өдөр” болгон тэмдэглэж байхаар болжээ. Ингээд 20 жилийн дараа буюу 2001 оноос эхлэн энэ өдрийг дэлхий даяар ямарваа зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэлгүй, дайсагнагч талууд 24 цагийн туршид гал зогсоох өдөр болгон тэмдэглэхээр санал нэгтэй

баталжээ.


Энэ оны Энхтайвны өдрийг “Shaping Peace Together” буюу “Энхтайвныг хамтдаа бий болгоё” уриан дор тэмдэглэж байна. Дэлхий нийтийг хамраад буй "COVID-19" цар тахлын энэ цагт энэрэл хайр, нинжин сэтгэл, итгэл найдварыг тараан энэ өдрийг өнгөрүүлж байна. Вирусний энэ үед аливаа ялгаварлан гадуурхалт болон үзэн ядалт бий болохын эсрэг хамтдаа зогсохыг НҮБ-аас уриалжээ. 

Энэ оны 3 дугаар сард НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш байлдаж буй бүх талуудыг зэвсгээ хаяж, урьд өмнө тохиолдож байгаагүй дэлхийн цар тахлын эсрэг тэмцэлд анхаарлаа хандуулахыг уриалсан юм. Уриалгад зэвсэгт бүлэглэлүүдэд хандсан бөгөөд хил дамжсан хамтын ажиллагаа нь өнөө цагт нийгмийн эрүүл мэндийн хамгийн томоохон дайсан болоод буй цар тахлын эсрэг, түүнээс үүдэлтэй хямралтай хийх тэмцэлд нэн шаардлагатай байгааг онцолжээ. 


Энэ жилийн хувьд хүмүүс бид бие биеийнхээ дайсан биш гэдгийг маш сайн ойлгосон жил болж байгаа бөгөөд харин хүмүүн бидний нийтлэг дайсан бол эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдралын хэв маягт заналхийлж байгаа "COVID-19" хэмээх вирус гэдгийг бүгд харцгаалаа. Энэхүү вирус нь бидний дэлхийг түйвээж, үймээн самуунд автуулж, гарагийн хаа нэгтэй болж байгаа үйл явдал бүх хүмүүст нөлөөлж болохыг хүчээр сануулж чадлаа.


Холбоотой мэдээ