Ирэх жил улсын их, дээд сургууль төлбөрөө нэмбэл асуудал үүсэх нь

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-05-19 15:14:51

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид хэд хэдэн асуултад хариу авсан юм. Тус газрын дарга Д.Мөнхтөр асуулт тус бүрд дэлгэрэнгүй хариулт өглөө.

Нэгдүгээрт, шатахууны үнэ нийслэлд 160 төгрөг, орон нутагт 360 төгрөгөөр буурсан гэх мэдээллийг тус газрын дарга Д.Мөнхтөр өглөө. Монгол Улсын Засгийн газраас цагаан сарын дараа шатахууны үнийг 50 төгрөгөөр буулгаснаас хойш даруй хэд хэдэн удаа бодитоор буурсан дүр зураг шалгалтын явцад харагдсан бөгөөд 1500, 1530 төгрөг хүртэл шатахууны үнэ буурсан байна. Зарим шатахуун түгээх станц гишүүнчлэлийн карттай үйлчлүүлэгчдэдээ 1450 төгрөгөөр хүртэл үйлчилж байсан. Ингээд шатахууны үнэ буурсан учраас өргөн хэрэглээний барааны үнийн бууралтын асуудалд хяналт шалгалт хийж байгаа. Тавдугаар сард багтаж энэ шалгалтын үр дүнг танилцуулна гэлээ.

Хоёрдугаарт, их, дээд сургуулийн үнийн асуудал. Ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрийг хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг энэ хичээлийн жилд багтаж зарлахыг төрийн өмчийн их, дээд сургуулиудад хүргүүлсэн. Гэвч энэ шаардлагын хугацаанд сургуулийн захиргаанаас ямар нэг мэдээлэл ирээгүй. Хэрвээ ирэх жил улсын их, дээд сургуулиуд төлбөрөө нэмсэн тохиолдолд урьдчилж мэдэгдэлгүй шийдвэр гаргасан гэх асуудал үүснэ. 

Гуравдугаарт, арилжааны банкууд орон сууцны зээл олгохдоо өөрсдийн сонгосон даатгал, нотариатыг иргэдэд тулгаж буй зөрчил илэрчээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 11 арилжааны банк, 14 даатгалын компани, 8 тойргийн нотариатыг хамруулсан шалгалтаар энэ зөрчил илэрсэн. Энэ нь иргэдийн сонгох эрхийг, мөн бизнесийн байгууллагын шударгаар өрсөлдөх боломжийг хааж буй тул дээрх банкуудад нэг сарын хугацаатай албан шаардлага хүргүүлж, сануулсан.

Дөрөвдүгээрт, эмнэлгийн байгууллага үйлчилгээний үнэ тариф, төлбөртэй тусламжийн мэдээллээ нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой байрлуулах үүрэг хүлээдэг байна. Энэ хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог, судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг гээд 7 эмнэлэгт шалгалт хийсэн. Эмнэлгүүдийн үнэ тариф, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг үйлчлүүлэгчдэд хүргэх үүргээ хангалттай гүйцэтгэдэггүй болох нь тогтоогдсон болхоор холбогдох байгууллагуудад албан шаардлага хүргүүлсэн гэсэн хариултууд өглөө.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ