Налайх дүүргийн 109 дүгээр сургууль хичээлийн шинэ байртай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-09-17 17:52:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 25 бүлэгт 1000 орчим хүүхэд суралцах боломжтой боллоо.

 

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд дөрвөн сургууль барьж, ашиглалтад оруулж буйн нэг нь тус сургууль юм.

 

Тус сургууль Налайх дүүргийн гурав болон дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дунд оршдог. Дээрх хороодод өөр сургууль байхгүй учраас энэхүү өргөтгөл нь Налайх дүүргийн иргэдийн хүсэн хүлээсэн хөрөнгө оруулалт болж байна.

 

Тус сургуульд 2006 оноос хойш 12 бүлэгт 410 орчим бага насны 1-5 дугаар ангийн хүүхэд суралцдаг байсан юм.

 

Өнөөдөр болсон энэхүү сургуулийн шинэ өргөтгөлийн нээлтэд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, “Жайка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико нар оролцож, баяр хүргэж үг хэллээ.

 

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлд хоёр сургууль, хоёр сургуулийн өргөтгөлийн барилгыг дараах дүүргүүдэд барих ажил 2017 онд эхэлсэн.

1. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль,

2. Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль,

3. Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл,

4. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга




Холбоотой мэдээ