Оюун ухаан, боловсролд суурилсан хөгжил хамгийн чухал байгааг зөвлөв

Монголын мэдээ | Боловсрол
oyundelger@montsame.gov.mn
2020-09-17 18:22:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ажил олгогчдоос чадварлаг ажилтан ховор гэсэн гомдол их гардгаас үзвэл хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүссэн байж болзошгүйг Дэлхийн банкнаас гаргасан “Уул уурхай ба оюун ухаан” тайланд дурджээ.


Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану тайлан танилцуулах үеэрээ “Их, дээд сургууль төгсөгчдийн 40 хувь нь ажилгүй байгаа мэдээллийг салбарын яам өгсөн. Залуус дээд боловсрол олноор эзэмшдэг ч ажилгүйдэл өндөр байгаа нь Монголын дээд боловсролын өгөөж сулыг харуулж байна. Сайн боловсрол эзэмшсэн нь хөгжингүй оронд цалин өндөр ажил хийхээр цагаачилдаг. Мөн төгсөгчдийн дийлэнх нь бизнес, нийгмийн ухааны чиглэлээр сурдаг нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлийг бодвол ажил эрхлэлтийн хувь харьцангуй бага байдаг. Эрдэс баялгаас хараат эдийн засгаа өөрчилж, сайжруулахын тулд оюун ухаан, боловсролд суурилсан хөгжил хамгийн чухал юм. Монголын хөгжлийн ирээдүйг оюун ухаан тодорхойлох ёстой. Иймд олон тоогоор байгуулсан их дээд сургуулийг чанаржуулж цөөлөх, сургалтын хөтөлбөрийг ирээдүйн ажлын байранд тавих шаардлагатай нийцүүлэх, боловсрол сургалтын чанарт хяналт тавих тогтолцоо бүрдүүлэх, хилийн чанад дахь монголчуудыг улс орныхоо хөгжилд татан оролцуулах төв байгуулах нь зөв гарц” гэдгийг зөвлөв.


 “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2019”-д Монгол Улсын мэргэжлийн боловсролын чанарт 3,7 (7,0 нь хамгийн өндөр) үнэлгээ өгч, нийт 137 улсаас 100 дугаарт, харин төгсөгчдийн ур чадварт 3,5 (7,0 нь хамгийн өндөр) үнэлгээ өгснөөр 119 дүгээрт бичигджээ. Мөн 2015 оны байдлаар АНУ-д ажиллан амьдарч буй монголчуудын 24 хувь нь бакалавраас дээш, 35 хувь нь бакалаврын зэрэгтэй. Цагаачлан гарсан монголчуудын дунд менежер эсвэл ахлах мэргэжилтний түвшний ажил эрхэлж буй хүмүүсийн эзлэх хувь харьцангуй өндөр гэдгийг тайланд тэмдэглэжээ.    

Холбоотой мэдээ