Гадаад хэргийн сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-09-16 15:02:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Оросын Холбооны Улсад албан ёсоор айлчлах асуудлыг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж байна.


Энэхүү айлчлал нь ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх "Сибирийн хүч 2" хоолойг барих төслийг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болох юм. Хийн хоолойн төслийн тухайд 2019 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалаас хойш ОХУ-Монгол-Хятадыг холбох “Сила Сибири-2" төсөл дахин яригдаж эхэлсэн билээ. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй уулзах үеэрээ төслийг эхлүүлэхийг үүрэг болгосон бөгөөд зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг 2020 онд багтаан дуусгахаар “Газпром” компани төлөвлөсөн талаар мэдээлж байв. 


Гэхдээ Гадаад харилцааны сайдын айлчлалын хугацаа хараахан тодорхой болоогүй байна. Тодруулбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-нд Монгол Улсад албан ёсоор айлчилж байна. "COVID-19"-өөс сэргийлэх үүднээс айлчлалыг халдвар хамгааллын өндөр дэглэм дор зохион байгуулж буй бөгөөд БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзсан, тэдэнд үйлчилсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлах юм. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээр хийсэн тул 14 хоног тусгаарлагдах ёстой юм. Тиймээс дээрх нөхцөл байдлыг ОХУ-ын талд танилцуулах бөгөөд хэрэв зөвшөөрбөл тусгаарлалтын хоног дуусахаас өмнө буюу ирэх 7 хоногт ОХУ-д айлчлах аж.

Холбоотой мэдээ