Их Британийн хатан хаан 2021 оноос Барбадосын тэргүүн байхаа болино

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-16 12:16:58

ХАВАНА. /TASS/. Их Британийн хатан хаан II Елизавета Барбадосын тэргүүн байхаа болих бөгөөд арлын энэ улс 2021 оноос албан ёсоор Бүгд Найрамдах Улс болно. Энэ тухай Барбадосын захирагч, генерал Сандра Мэйсон парламентынхаа намрын чуулганы нээлтийн үеэр мэдэгдсэнийг “Barbados Today” мэдээллийн цахим хуудас дамжуулжээ.


“Колоничлолын өнгөрсөн түүхээ бид бүрэн мөсөн ардаа орхих цаг нь болжээ. Барбадосын иргэдэд өөрийн гэсэн төрийн тэргүүн хэрэгтэй. Барбадос тусгаар тогтнолоо бүрэн олж авах дараагийн алхмыг хийж, тусгаар тогтнолынхоо 55 жилийн ойн өдрөө Бүгд Найрамдах Улс болно” гэж Мэйсон мэдэгдсэн байна. Карибын тэнгисийн тус улс 1966 онд тусгаар тогтнолоо олж авсан юм.


Захирагч, генерал мөн мариуханы хэрэглээг хэсэгчлэн эрүүгийн хариуцлагагүй болгох, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх тухай хуулийн төслийг арлын парламентын гишүүд хэлэлцэхээр төлөвлөж байгааг дурдсан байна.


Барбадос нь Их Британийн тэргүүлдэг Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг тусгаар тогтносон улс юм. Төрийн тэргүүн нь Их Британийн Хатан хаан бөгөөд түүнийг амбан захирагч төлөөлдөг байна. Карибын тэнгисийн зүүн хэсэгт оршдог уг арал дээр 281 мянга гаруй хүн оршин суудаг аж. 


Холбоотой мэдээ