Абэ Шинзогийн Засгийн газар огцорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-16 10:21:49

ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдээлжээ.


Японы парламент шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг батлах санал хураалтыг удахгүй явуулна. Шинэ Ерөнхий сайдаар  эрх баригч Либерал-Ардчилсан намын шинэ дарга Сүга Ёшихидэ болох ёстой. Үүний дараа Сүга Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг танилцуулна.


Шинэ Засгийн газрын ихэнх гол албан тушаалд өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байсан сайд нар үлдэх төлөвтэй байна. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу, Сангийн сайд Таро Асо, Төрийн газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Акаба Казүёши, мөн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Хашимото Сейко болон Улс орны эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Нишимура Ясүтоши нар суудлаа хадгалж үлдэнэ. Засгийн газарт ОХУ-тай эдийн засгийн харилцаа холбоог хөгжүүлэх асуудлыг хариуцдаг Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Кажияма Хироши мөн дахин томилогдоно.


Харин Батлан ​​хамгаалахын сайд Таро Коно удахгүй болох халаа сэлгээгээр албан тушаалаа орхиж, түүний оронд Абэ Шинзогийн дүү Нобуо Киши томилогдохоор болсон байна. Тэрбээр өмнө нь Гадаад хэргийн дэд сайдын албыг хашиж байжээ. Коног Захиргааны хэрэг, харилцаа холбооны сайдаар томилох ёстой байсан боловч эцэст нь түүнд төрийн албыг шинэчлэх үүрэг бүхий төрийн сайдын албан тушаалыг өгөхөөр шийдсэн байна.


Холбоотой мэдээ