Хүүхдийн хоолны шимт бодис тооцоолох аргачлалд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-09-15 20:08:34
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих орчинг цэцэрлэг, ЕБС-д нэвтрүүлэх нь" төслийн хүрээнд сургууль, цэцэрлэгүүдийн тогооч нар сургалтад хамрагдаж байна.
Сургуулиудын үдийн цайг үдийн хоол болгох төслийн хүрээнд БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтарч Баянхонгор аймгийн Эрдэнэмандал ахлах сургууль, Баянхонгор сумын 5, 6 дугаар цэцэрлэгийг сонгон, 50 сая төгрөгийн төсөв бүхий гал тогооны тоног төхөөрөмжөөр хангажээ. Дээрх сургууль цэцэрлэгүүд болон аймгийн төв, сумдын бусад сургууль цэцэрлэгийн тогооч нарыг хүүхдийн хоол бэлтгэлийн чиглэлээр чадавхжуулах хоёр өдрийн сургалтад хамруулж байна.
Дадлага сургалтыг мэргэжлийн хоол зүйч нар явуулж байгаа бөгөөд хүүхдийн хоол үйлдвэрлэл, хоолны цэс боловсруулалт, шим тэжээл, хүүхдийн хоолны илчлэг, шимт бодис тооцоолох аргачлал зэрэг сэдвээр мэдлэг олгож байгаа юм.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 31 сургууль, 43 цэцэрлэг хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Холбоотой мэдээ