Засагт хан аймгийн мөнгөн тоногтой тамганы хайрцаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-09 18:33:07

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Орон нутгийг судлах музейд хадгалагдаж буй түүхэн үзмэрүүдийн нэг нь Засагт хан аймгийн мөнгөн тоногтой тамганы хайрцаг юм.


Тус хайрцгийг хийлгэхээр, 1911 онд Монгол улс Манжийн дарлалаас ангижрахад Богдын засгийн газраас Засагт хан аймгийн ноён Д.Содномравданд даалгаснаар нутгийн уран дархчуудыг цуглуулан мөнгөн тоногтой хайрцгийг хийлгэжээ. Ингээд албан ёсоор Богдоос тамгаа хүлээн авч байсан түүхтэй аж.

Тамганы хайрцгийг модоор хийж хүрэн булгиараар бүрж битүү мөнгөөр тоногложээ. Мөнгөн тоног нь дээд орой дээрээ луун хээ товойлгосон хийцтэй. Урд нүүрэн дээрээ галт шувууны дүрслэлтэй, өнцөг буландаа угалзан хээг хөөмөлдөж хийсэн байдаг.

Засагт хан аймгийн ноён Д.Содномравдан нь Засагт хан аймгийн 9 дэх ноён бөгөөд засаг төрийн жүн ван цолтойгоор 1898-1912 онд хошуугаа удирдаж байжээ.

Түүнийг 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад идэвхийлэн оролцсонийг нь үнэлж  Жавзандамба хутагт Богд хаанаас үе улиран Эрдэнэ бишрэлт засагт хан цол хүртээж Шүүх таслах яамны зөвлөх сайдад тохоон томилж байсан түүхтэй ажээ.

Ташрамд Засагт хан аймаг нь 1691 онд байгуулагдаж 1931 онд татан буугджээ. 

Холбоотой мэдээ