Мөнх-Алдрын талбайд гудамжны номын сан байршуулав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-09-09 20:19:38

Төв /МОНЦАМЭ/. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Өсвөрийн эмч клубийн Төв аймаг дахь салбарын гишүүд санаачлан аймгийн Мөнх-Алдрын талбайд гудамжны номын сан байршууллаа. 


Хөргөгч ашиглан хийсэн уг номын санд давхардсан тоогоор 50 гаруй иргэн ном хандивласан байна. Ийнхүү гудамжны номын санд уран зохиол, хувь хүний хөгжил, танин мэдэхүй, гадаад хэл, үлгэрийн гэсэн таван чиглэлийн 80 гаруй ном цуглажээ.  Уг номын санг байгуулснаар хүүхэд багачууд, өсвөр үе, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ном унших, мэдлэгээ сайжруулах, хамтдаа хөгжих боломж нээгдэж байна.  

 


Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Төв аймаг дахь салбарын менежер Ц.Отгонжаргал “Гудамжны номын сан байршуулах хөргөгчийг хөргөгч зарна гэсэн хүн үнэгүй бэлэглэсэн. Бид энэхүү номын сандаа гар ариутгагч байршуулсан учир иргэд гараа ариутгаад хүссэн номоо авч унших боломжтой. Мөн номын сангаа Мөнх-Алдрын талбайд байршуулсан нь аймгийн иргэд талбайд салхилах, хүүхдүүд тоглох зэрэг хүмүүс их цугладаг учир олон хүнд хүргэж, иргэдийн ном унших дадалд нөлөөлөх зорилгоор энд байршуулсан байгаа” гэв.

Мөн иргэдийг ном хандивлахыг хүсвэл номын сангаараа чөлөөтэй ирж үйлчлүүлэхийг уриалсан бөгөөд тус клубийн хамт олон номуудаа үргэлжлүүлэн шинэчилж байх аж. Ийнхүү Өсвөрийн эмч клубийн гишүүд номын сангийнхаа нээлтийн үеэр ном хандивлаж буй иргэдээ бяцхан урамшуулж гарын бэлэг өгчээ.

 

 

Холбоотой мэдээ