Нөлөөллийн аяныг спортын тэмцээнээр эхлүүллээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2020-09-07 13:27:28
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/, Цагдаагийн газраас хамтран "Архидалтаас аймгаараа татгалзъя" жилийн аяныг өрнүүлж буй. Аяныг аймгийн хэмжээнд эрчимтэй, үр дүнтэй өрнүүлэхээр “Сархдаас сална аа хө” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Нөлөөллийн арга хэмжээ энэ сарын тавны өдөр аймгийн Баганат талбайд болж, аймгийн удирдлагууд, ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Дугуйчдын холбоо, Авто сургуулиудын холбоо болон хүүхэд залуус, ард иргэд оролцлоо. Амьдралынхаа олон жилийг архинаас үрсэн иргэн Н.Түвшинжаргалд өөрийгөө ялж, хорноос татгалзаж, олон залууст өөрийн түүхээсээ хуваалцаж нөлөөлөл явуулж буйд талархал илэрхийлж Баянхонгор аймгийн ИТХ-аас таван ханатай иж бүрэн гэрийг гардуулсан нь нээлтийн онцлог үйл явдал байв.
“Сархдаас сална аа хө” нөлөөллийн арга хэмжээг спортоор эхлүүлсэн нь хүүхэд залууст таалагдсан үйл ажиллагаа боллоо. Тодруулбал, орон нутгийн хүүхэд залуучууд, ард иргэдийн дархлааг дэмжих, спиртээр биш спортоор хичээллэх үзэл санааг дэлгэрүүлэх үүднээс намрын сорилт дугуйн уралдаанаар эхлүүлж нийт 4 төрөлд 150 гаруй тамирчин оролцсон томоохон тэмцээнийг зохион байгуулж, аваргуудыг шалгаруулсан байна.
Мөн Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр, Тэмүжин театрын уран бүтээлчид дуу бүжгээрээ нэгдэн оролцож, урлаг уран сайхнаар нөлөөлөх ажлаа эрчимжүүлсэн юм. Тус ажилд зөв уриалгаар бүжгийн чаллэнж өрнүүлсэн "Dance Chance" бүжгийн хамтлагийн залуус санаачилгаараа нэгдэн Улаанбаатар хотоос зорин ирж оролцсон бол ахмадууд ч арга хэмжээнд нэгдэж, хөнгөн хөгжмийн хэмнэлд бүжиглэж, спорт фитнессийн холбоод төрөл тус бүрийн тэмцээн уралдаан явуулж, спиртийг биш спортыг сонгохыг залуучуудад уриалав.
“Сархдаас сална аа хө” арга хэмжээг дэмжиж оролцсон хүн бүрт энэ үеэр зохион байгуулагчдын зүгээс лого уриа үг бүхий аяга, машины үнэртүүлэгч, түлхүүрийн оосрыг бэлэглэсэн нь нэг ирээд өнгөрөх биш цаашдаа ажил амьдралдаа сархдаас татгалзахыг байнга мөрдлөг болгохыг хүссэн санамж байлаа.