Жүжигчин Чедвик Боузманы намтар

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-02 13:55:32

НЬЮ-ЙОРК. /Риа Новости/. Америкийн жүжигчин Чедвик Аарон Боузман 1976 оны 11 дүгээр сарын 29-нд Өмнөд Каролина муж улсын Андерсон хотод төржээ. Тэрбээр Ховардын их сургуулийн бакалаврын зэргийг найруулагчийн мэргэжлээр дүүргэжээ. Түүнчлэн Оксфордод байдаг Их Британи-америкийн драмын академид суралцаж байсан аж.


Мэргэжлийн замналаа тэрбээр “Хууль ба дүрэм журам” (2004), "C.S.I.: Нью-Йорк гэмт хэргийн газар" (2006), “Түргэн тусламж” (2008) зэрэг цувралуудад бүтээсэн туслах дүрүүдээрээ эхлүүлж байжээ. Хожим нь тэрбээр "Линкольн-Хайтс" цувралын Натаниэлын дүрд тоглосон бол 2008 онд Гэри Фледерийн "Экспресс" кинонд дүр бүтээсэн байна.


Мөн 2010 онд Ч.Боузман “Үл таних этгээдүүд” кинонд түрүүч Грэхем Макнейрын дүрийг бүтээсэн бол 2012 онд “Сумны шарх” кинонд дэслэгч Сэмюэл Дрейкийн дүрд тоглож  байжээ. Тэрбээр домогт бейсболын тамирчин Жек Робинсоны тухай өгүүлдэг “42” хэмээх намтар киноны гол дүрийг бүтээснээр олон танигдаж эхэлжээ.


Улмаар Боузман “Драфтын өдөр”, “Жеймс Браун: дээшлэх зам” зэрэг кинонд дүр бүтээсэн бөгөөд “Үндэсний театр эзэмшигчдийн холбоо” түүнийг 2014 онд "маргаашийн од" хэмээн нэрлэж байсан аж. 2016 онд Ч.Боузман “Египетийн бурхад” кинонд тоглосон бөгөөд тэр жилдээ “Marvel Studio”-н бүтээл болсон "Captain America: Civil War" кинонд Хар ирвэс супер баатрын дүрээ бүтээсэн байна. “Black Panther” буюу “Хар ирвэс” кинонд тэрбээр 2018 онд гол дүр бүтээж, хожим нь энэ дүрээрээ “Avengers: Infinity War”, “Avengers: Endgame” кинонуудад тогложээ. 2019 онд Боузман “21 Bridges”, 2020 онд “Spike Lee's Da 5 Bloods” зэрэг нэртэй кинонуудад тогложээ. 


Тийнхүү жүжигчин залуу нийт 30 орчимд кинонд дүрээ мөнхөлсөн аж. Ч.Боузман 2016 онд нарийн гэдэсний хорт хавдрын гуравдугаар шатандаа байгаа нь оношлогдож, удалгүй хавдар нь дөрөвдүгээр шатандаа оржээ. Тэрбээр дөрвөн жилийн турш өвчинтэйгээ тэмцсэн хэдий ч 2020 оны 8 дугаар сарын 28-нд 43 насандаа таалал төгсжээ. Түүнийг насан эцэслэх мөчид эхнэр, гэр бүлийнхэн нь дэргэд нь байсан аж.


Түүнийг нас барсантай холбогдуулан “Marvel” студи Чедвик Боузманы дурсгалд зориулж бичлэг хийжээ. Дөрвөн минут үргэлжилсэн энэхүү бичлэгт Ч.Боузманы жүжигчнийх нь замналыг харуулсан хэсгүүд явахаас гадна “Marvel”-н тэргүүн Кевин Файги, “Captain America” супер баатрын дүрийг бүтээгч жүжигчин Крис Эванс, “Black Widow”-н жүжигчин Скарлетт Йоханссон, “Iron Man” супер баатрын дүрийг бүтээсэн жүжигчин Роберт Дауни, “Shuri” киноны жүжигчин Летиша Райт нар жүжигчин Ч.Боузманыг хувь хүнийх нь талаас болон жүжигчин хүнийх нь хувьд үнэлдэг байсан сэтгэгдлээ хуваалцаж, түүний авьяас чадвар, мэргэжлийн ур чадварыг нь онцолжээ. 


Ч.Боузманы нас барсан талаарх жиргээ “Twitter”-н түүхэн дэх хамгийн их хандалт авсан жиргээ болсон байна. Твиттерт байршуулсан түүний хар цагаан зурагтай “Чедвик Боузман таалал төгссөнд хэмжээлшгүй их харуусаж байна” хэмээх нийтлэлийн лайкны тоо нийт 6.7 саяд хүрчээ. 

Холбоотой мэдээ