Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөх олговор олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-08-31 16:09:19

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт энэ онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрыг 14 иргэнд нийт  681,0 сая төгрөгийг олгожээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас дээрх иргэдийн материалын бүрдлийг хангаж  Монгол улсад цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст уламжилснаар энэхүү нөхөх олговор олгогдсон байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын хэмжээг заасан байдаг.

Тухайлбал энэ хуулийн 13-р зүйлд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно.

Мөн хуулийн 13.2-д зааснаар энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно. Тухайлбал улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр

/нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг.

13.2.2-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийг тус тус олгоно гэж заасан байдаг. Дээрх иргэдийн материалыг хуульд заасан журмын дагуу бүртгэж, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хүргүүлснээр энэ жил 1-80 хүртэлх сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод буй юм гэж аймгийн ИТХ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ