Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-26 16:17:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. 


Тодруулбал, төсвийн тодотголын төсөл буюу Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу төсвийн төслийг УИХ-ын бүх Байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцсэн. Ингээд бусад Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүдийн гаргасан санал тус бүрээр санал хурааж олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн байна.


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар тус тус танилцуулав. Харин Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Жавхлан гишүүн танилцуулсан юм. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг, УИХ-ын гишүүн С.Амарсайхан Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг танилцуулав.


Үргэлжлүүлэн Б.Жавлан гишүүн төсвийн тодотголын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын багийн танилцуулгыг танилцууллаа. Байнгын хорооны 2020 оны 3 дугаар тогтоолоор байгуулагдсан тус Ажлын багийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахалж, бүрэлдэхүүнд Ц.Анандбазар, С.Амарсайхан, Х.Баделхан, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нарын гишүүд ажиллаж байгаа гэв. Ажлын баг нийт хоёр удаа хуралдаж, Монгол Улсын төсвийн тодотголтой холбогдуулан Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын зөвлөл, УИХ-ын Тамгын газрын Төсвийн шинжилгээний албанаас ирүүлсэн зөвлөмж, дүгнэлт, тодотголтой танилцжээ. Сангийн яамнаас төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний дэлгэрэнгүй судалгааг гаргуулан авч танилцсан байна. Төсвийн байнгын хороо болон Ажлын багт Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар бусад Байнгын хороод, УИХ-ын гишүүн, төрийн болон ТББ-аас албан бичгээр ирүүлсэн санал бүрийг судалж, санал дүгнэлтээ гаргасан болохыг Б.Жавхлан гишүүн танилцуулгадаа дурдав.


1.Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай бол мөн хэмжээгээр бууруулах зарчмыг баримтлан Засгийн газрын өргөн мэдүүлсэн түвшинд нь төсвийн орлого, зарлагын хэмжээг барьж, төсвийн орлого, зарлагын бүтцэд нь тодорхой өөрчлөлтүүдийг оруулж батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.


2.Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлж, үр ашиггүй, гүйцэтгэл нь удаашралтай байгаа зарим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бууруулах замаар нэмэлт эх үүсвэрийг бий болгож зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагатай 2020 оны гүйцэтгэлтэй нь уялдуулж, зарим төсөл, арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх саналыг төсөлд тусгахаар шийдвэрлэлээ.


3.Төсвийн ерөнхийлөн захирагчдын багц дахь урсгал зардлын хэмжээг өнгөрсөн оны түвшинд нь барьж, хууль тогтоомжоор зардал нь нэмэгдэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа төсвийн зарим ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг тодорхой түвшинд нэмэгдүүлэхээр боллоо.


4.УИХ-ын гишүүд болон төсөвт байгууллагуудаас зардал бууруулах эх үүсвэр нь тодорхойгүйгээр урсгал болон хөрөнгө оруулалтын зардал шууд нэмэгдүүлэхээр ирүүлсэн саналуудыг зарчмын зөрүүтэй саналын шаардлага хангахгүй тул санал хураалгах шаардлагагүй гэж үзлээ.


5.Эдийн засаг, нийгмийн үр ашгийг харгалзан салбарын бодлоготой нь уялдуулан зайлшгүй тусгах шаардлагатай эх үүсвэр тодорхой зарим төсөл, арга хэмжээг төсвийн тодотголын төсөлд шинээр тусгахаар шийдвэрлэсэн байна. 


6.Ажлын багаас УИХ-ын гишүүд, Байнгын хороо болон төрийн байгууллагуудаас гаргасан саналуудыг нэгбүрчлэн судлаад, зайлшгүй тусгах шаардлагатай төсөл, арга хэмжээний зардлыг Ажлын багийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналд тусгасан тул бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан дээр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжих шаардлагагүй гэж үзсэн байна.


Ажлын багийн танилцуулга болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харъяалагдах төсвийн ерөнхийлөгч захирагчдаас төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзэв. Үргэлжлүүлэн төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, гишүүдээс урьдчилан бичгээр ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг тус бүрээр нь танилцуулж, нэг бүрчлэн санал хураан шийдвэрлэсэн юм. Дараа нь Ажлын багаас томъёолон бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ