Эрүүл мэндийн сайд Дархан-Уул аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-26 13:46:28

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордиц, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү болон бусад төлөөлөгчид Дархан-Уул аймагт ажиллалаа.

Тэд айлчлалын эхэнд 2019 оны 7 дугаар сараас эхлэн ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгээр тус аймагт хэрэгжүүлж байгаа “Монг-Пен” төслийн хэрэгжилтийн үйл явц, ЭМГ, НЭМТ, "Гос-хот" ӨЭМТ, аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, шинээр барьсан Геронталогийн төвтэй танилцсан юм. Дээрх албаны төлөөлөлтэй аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл болон холбогдох мэргэжилтнүүд уулзсан юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Эмч ажилтнуудын төлөөлөлтэй хийсэн уулзалтад аймаг орон нутагт үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулж, иргэдийг аль болох Улаанбаатар хот руу оношилгоо эмчилгээ хийлгэхээр явдаг чирэгдлийг бууруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх бодлого баримтлана” гэв. Мөн эрүүл мэндийн байгууллагууд одоогийн үзүүлж байгаа тусламж үйлчилгээний түвшингээ судалж, тодорхойлох, үүнд үндэслэн бодлого, төлөвлөгөөг боловсруулж асуудлаа танилцуулж байхыг зөвлөж, үүрэг болголоо. 

Дархан-Уул аймгийн анхан шатны тусламж үйлчилгээнд зүрх судасны өвчний эрсдэлийн менежментийн багц тусламжийг үзүүлэх зорилготой “Монг-Пен” төслийг загвар байдлаар хэрэгжүүлж, 190 эмч мэргэжилтнийг багаар ажиллах сургалтад хамруулах, зайлшгүй шаардлагатай тусламж үзүүлэх тоног төхөөрөмжөөр ДЭМБ өнгөрсөн хугацаанд дэмжлэг үзүүлсэн билээ. Харин энэ удаа хүн амд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх стандарт багц, маск, хамгаалалтын хэрэгслийг хандивласан юм.

Энэ үеэр хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/382 дугаар тушаалаар Засгийн газрын шагнал Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр Г.Ням, Ц.Оюунгэрэл шагнасан бол Жуух бичгээр С.Алтанхуяг, Ш.Эрдэнэтулга нарыг шагнаж урамшууллаа.

Холбоотой мэдээ