Бөхмөрөн сумын сургууль шинэ заалтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын
сургууль шинээр спорт заалтай болсон байна. Энэхүү барилга угсралтын ажлыг
“Төгс хурц консалтинг” компани улсын төсвийн 756,7 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар хийж гүйцэтгэжээ.
Тус барилгыг орчин үеийн стандартын шаардлага хангасан
барилгын материалуудыг ашиглан барьсан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
зориулсан налуу зам тавьж, эрэгтэй эмэгтэй усанд орох өрөө, ариун цэврийн өрөөг
мөн тохижуулсан байна. Бөхмөрөн сумын хувьд ерөнхий боловсролын сургуулийн спорт
заалыг ашиглах боломжгүй байсан. Ийнхүү стандартад нийцсэн спорт заалны барилга шинээр ашиглалтад орсноор сумын хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон
өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх бүрэн боломж нээгдсэн аж.
Уг барилгыг энэ сарын 17-ны өдөр улсын комисс ашиглалтад хүлээн
авчээ.