Нийтийн тээврийн өвөлжилтийн бэлтгэл 60 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-17 12:38:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн өвөлжилтийн бэлтгэл ажил 60 хувьтай байна. 

Наймдугаар сарын эхний байдлаар 19 байгууллага, ААН өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлтийг ирүүлээд байгааг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын зорчигч тээвэр үйлчилгээний хэлтсээс мэдээлэв. 

Энд, нэгдүгээрт нийтийн тээврийн газруудын гарааш, барилга байгууламжийн дулаан сүлжээний засвар үйлчилгээ орж байна. Хоёрдугаарт, байгууламжийн бэлэн, найдвартай ажиллагаа, галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах ажил багтаж байна. Гуравдугаарт, нийтийн тээврийн хэрэгсэл автобуснуудын бэлэн байдал, парк шинэчлэлт, нөхөн хангалт, мөн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг нэгдсэн график, төлөвлөгөөнийхөө дагуу хийх ажил орж байна. 


Энэ онд нийслэлийн нийтийн тээвэрт 130 гаруй автобус ашиглалт дуусаж буй учир үйлчилгээнээс хасагдаж байна. Эдгээрийг орлуулах шинэ автобусны хөрөнгө 48 тэрбум төгрөгийг нийслэл болон улсын төсөвт тусгасан талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ. Дээрх хөрөнгөөр эхний 46 шинэ автобусыг 10 дугаар сарын 1-нд хүлээн авах аж. Дээрх тооны автобусыг хүлэн авах зориулалтын дулаан гарааш, талбай бэлэн байгааг "Зорчигч тээвэр-3" ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Н.Мөнхбаатар мэдэгдлээ. 


Энэ жил "Зорчигч тээвэр-3" ОНӨААТҮГ нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан хөдөлгүүрт эко, 1 болон 2 давхар автобусыг туршилтаар явуулж эхэлсэн. Эдгээр нь эдийн засгийн хувьд ашигтай байгааг холбогдох газрууд тогтоогоод байна. Тиймээс энэ онд багтааж дахин 36 цахилгаан автобус, 10 ширхэг 2 давхар автобус авахаар төлөвлөжээ. Нийслэлд яваад сар болж буй давхар, цахилгаан автобусанд иргэд, зорчигчид нийтийн тээвэрт шинэ соёл, шинэ үйлчилгээ нэвтэрч байна хэмээн сэтгэл ханамжтай байна.



Холбоотой мэдээ