Хадгаламж, зээлийн хоршоодын тоо 6.9 хувиар цөөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-14 13:45:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ санхүүгийн салбарын энэ оны эхний хагас жилийн тоймыг өнөөдөр танилцуулав. 

Тус хороо өнөөдрийн байдлаар нийт 2854 зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааг хянаж байна. Энд:

  • үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 304 ХК, мэргэжлийн 222 оролцогч,
  • даатгалын зах зээлийн нийт 143 компани, 
  • 542 ББСБ, 
  • хадгаламж зээлийн 256 хоршоо,
  • 103 үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын байгууллага, 
  • үнэт чулууны арилжаа эрхлэгч 275 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 1009 салбар тус тус орж байна. 

Хөрөнгийн зах зээлд: Энэ оны эхний хагас жилд 304 ХК бүртгэлтэй байна. Үнэт цаасны 53 компани СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. COVID-19"-ийн нөлөөгөөр хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүд буурчээ. 

Үүнд, зах зээлийн үнэлгээ 3.9 хувиар (өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад) буурч 2.503.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2019 оны жилийн эцсийн ДНБ-ний дүнтэй харьцуулахад 6.8 хувьтай тэнцэж байна. Түүнчлэн ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 4577 нэгжээр буурчээ. 

Даатгалын зах зээлд: Тус салбарын нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өсөж, 359.2 тэрбум төгрөгч хүрчээ. 

ББСБ: Нийт 542 байгууллага үйл ажиллагаа явуулж, нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өсжээ. 

Хадгаламж, зээлийн хоршоо: Эхний хагас жилд ХЗХ-дын тоо өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар цөөрч, 256 болжээ. ХЗХ-дын өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 пунктээр өсөж, 12.3 хувьд хүрэв. Нийт хөрөнгийн өгөөж 0.9 пунктээр өсөж, 2.3 хувьд хүрчээ. 

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага: Энэ оны II улирлын байдлаар 103 хуулийн этгээдэд СЗХ-ноос тусгай зөвшөөрөл олгожээ. 6 дугаар сард 399 гэрээ, хэлцлээр нийт 49.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдаж, худалдан авч шилжүүлжээ. Мөн 185 гэрээ, хэлцлээр нийт 32 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлжээ. 

Үнэт металл, үнэт чулууны, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа: Ийм арилжаа эрхлэх зөвшөөрлийг СЗХ 8 хуулийн этгээд, 267 иргэд олгожээ. 6 дугаар сарын байдлаар 125.4 тэрбум төгрөгийн үнэт металл худалдаж, 109.8 тэрбум төгрөгийн үнэт металл худалдан авчээ. 

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ