Бэлчээр чөлөөлж, сэргээх ажил хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-08-14 09:57:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газар бэлчээрийг чөлөөлж, хуваарьтай ашиглан, талхлагдсан газрыг нөхөн сэргээх ажил хийлээ. Тус сумын Аргал хайрхан 4-р багийн нутаг Аргалын ар, Савангийн гол, Гүн худаг зэрэг газруудаар сумын ажлын хэсэг гарч өвөлжөө, хаваржааны нутагт гаргасан худгуудыг хаах, бэлчээр чөлөөлөх ажил хийжээ. Нийт есөн худгийг түр хааж,  битүүмжилсэн байна.

- Хөдөөгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангах үүднээс энэ жил бэлчээрийг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авч байна. Үлийн цагаан оготныг микробиологийн аргаар устгаж ажлыг амжилттай зохион байгууллаа. Үр дүн сайн байгаа. Манай сумын газар нутгийн бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн. Өөр аймаг, сумын отрын мал их орж ирж өвөлжиж хаварждаг. Тиймээс бэлчээрийг чөлөөлж, нөхөн сэргээх ажлыг зохион байгууллаа. Энэ ажлыг хийхэд эсэргүүцэх хүмүүс байсан ч ирэх жилүүдэд мал бэлчээрлэх боломжгүй хатуухан өвөл болбол “хотоо харлуулж” мэдэх учир зарим талаар хүчээр зохицуулах арга хэмжээ авлаа гэж сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ ярилаа.

Холбоотой мэдээ