МҮИС ЭХЭМҮТ-ын газарт зөвшөөрөлгүй удаа дараа халджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-11 18:55:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хувийн хэвшлийн Монголын Үндэсний Их сургууль (МҮИС) зэргэлдээ орших Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй барилга барих, орц гарц хийх зэргээр хууль бусаар удаа дараа халджээ. Тухайлбал, 

  • Сургуулийнхан хичээлийн өргөтгөлийн барилгын орц, гарцыг хийхдээ ЭХЭМҮТ-ийн хашааг буулгаж эмнэлгийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй халджээ,
  • Мөн хичээлийн өргөтгөлийн байрыг 2013 онд барихдаа эмнэлгийн эзэмшил газар руу цөмөрч 4.5-4.8 м ам.дөрвөлжин талбайг илүү гарган барьжээ. 


Дээрх зөрчлийг эмнэлгийн удирдлага болон ажилтнууд эсэргүүцэн, энэ талаар нийслэлд ханджээ. Үүний дагуу УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан  болон нийслэлийн холбогдох албаныхан ЭХЭМҮТ-д очин нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.


ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг, “МҮИС эмнэлгийн газар руу зөвшөөрөлгүйгээр хэд хэдэн удаа дайрч байсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ үйл явдал дахин болсон учир бид хотын даргад болон холбогдох мэргэжилтнүүдэд хандсан” гэв. Түүний хэлснээр, ЭХЭМҮТ 1996 онд 9.3 га газартай байсан бол талбайн хэмжээ багассаар одоо 8.1 га талбай эзэмшиж байна. МҮИС 2007 оны Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 6009 м ам дөрвөлжин талбайг эзэмшиж байгаа аж. 



Хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, хариуцлага тооцохыг үүрэг болголоо.






Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, МҮИС Газрын тухай хуулийн 41.1 дэх заалтаар гэрээний үүргээ зөрчсөн тул газрын эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах нөхцөл байдал үүсээд буйг дуулгаж, "Хууль бусаар зөвшөөрөлгүй хийсэн тохижилтын ажлыг албадан буулгах, газрыг чөлөөлөх арга хэмжээ авна. Одоогоор тухайн ААН-д хоёр удаа албан бичиг хүргүүлсэн” гэлээ. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга “МҮИС 2019 онд газар доорх гараашийн төлөвлөлийн зөвшөөрөл авч авто зогсоолыг 18:42 хэмжээгээр барих ёстой боловч зөвшөөрөлгүйгээр тэлж барьсныг мөн хэлэв.


Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “Ганц байгаа эмнэлгээ энд тэндээс нь ухуулаад байж болохгүй. Юун түрүүнд хууль журмынх нь дагуу шаардлага тавьж, арга хэмжээ авна. 2013 онд ийм буруу үйл ажиллагааг зогсоогоогүйгээс болж өнөөдөр ийм асуудал үүсэж байна. Гарааш барина гэж зөвшөөрөл авчихаад байшин барьж болохгүй. Эмнэлгийн ажилтнууд та бүхэн санаа зовнилгүй ажлаа хий. Үүссэн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, таслан зогсооно” гэдгээ мэдэгдэв. Улмаар зөвшөөрөлгүй барилга барьж буй явдлыг шалгах ажлын баг байгууллаа.




Холбоотой мэдээ