"Мандал Даатгал" компани даатгалын зах зээлд хөрөнгөөрөө тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-05 18:46:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Мандал Даатгал" ХК-ийн хураамжийн орлого 20.6 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсжээ. Гэвч нөхөн төлбөрийн зардал 45 хувь өссөнтэй холбоотойгоор цэвэр ашгийн хэмжээ буурч 2.3 тэрбум төгрөг болсон байна. 

Энэ талаар өнөөдөр олон нийтэд танилцуулсан тус компанийн энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланд дурджээ. Тайланг компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Ганзориг танилцууллаа.


Тайлант хугацаанд "Ковид даатгал" гэсэн шинэ бүтээгдэхүүн гаргасан бөгөөд 82.000 харилцагчийг үнэ төлбөргүй даатгаснаас гадна гар утасны дэлгэцийн даатгалыг зах зээлд нэвтрүүлжээ.

Тус компанийн нийт хөрөнгө 51.9 тэрбум төгрөгт хүрсэн нь дотоодын даатгалын зах зээлд хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж байгаагаас гадна нийт хураамжийн орлого болон цэвэр ашгийн хэмжээгээр салбарын компаниудыг хошуучилжээ. 

"Мандал Даатгал" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ