Гэрээсээ ажиллаж буй хүмүүсийн 63 хувь нь офистоо очихыг хүсжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-05 13:20:56

МОСКВА. /ТАСС/. Цар тахлын үеийн хөл хорионы улмаас гэрээсээ ажлаа хийж буй Оросын иргэдийн 63 хувь нь аль болох ойрын үед ажлын өрөөндөө /офис/ очиж ажиллахыг хүсч байгаа ажээ. IDF Eurasia компаниас явуулсан санал асуулгын дүнг үүнийг харуулж байна.


Үүний сацуу ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж 35 хувиар буурсныг компаниудын удирдлага, хүний нөөцийн албаныхан хэлж байна. Хөдөлмөрийн бүтээмж буурсны гол шалтгаанууд нь юу вэ гэсэн асуултанд санал асуулгад оролцогчдын 33 хувь нь “дөжирсөн гөлрөнги байдал, гутрал” гэж хариулсан бол амьд харилцаа байхгүй байгаа нь нөлөөлсөн гэж 37 хувь нь үзжээ. Түүнчлэн гэр бүлийнхэнтэй харилцах, телевиз үзэх, байнга юм идэх зэрэг нь анхаарал сарниулдаг гэж 30 хувь нь хариулсан байна..


Харин мэдээллийн технологийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж 17 хувиар өссөн аж. Учир нь, энэ салбарын мэргэжилтнүүд махруу мэриймтгий бөгөөд бусад мэргэжлийнхэнтэй харьцуулахад хамтран ажиллаж буй хүмүүстэйгээр цөөн удаа харилцдаг байна.    


Бүтээмжийн бууралтыг нөхөхийн тулд компаниудын захирлуудын 55 хувь нь тасаг хэлтсүүдийг хооронд нь уралдуулах гэх мэт материаллаг бус урамшууллын системийг бий болгосон байна. Үүний сацуу ажлаа хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй ажилтнуудад торгууль ногдуулах арга хэмжээ авсан аж.


“Цар тахлын үед ажилтнууд хариуцлага алдаж, мэргэжлийн ур чадвар нь доошилсон гэж хэлж болохгүй. Цар тахал нь зарим компанийн бизнесийн удирдлагын тогтолцоо, байгууллагын соёл дахь алдаа дутагдал, хоосон орон зайг ил гаргаж өглөө. Эдгээрийг анхааралдаа авч, засаж залруулж чадах аваас цар тахлын дараа компаниуд илүү хатуужин бэхжиж, илүү эв нэгдэлтэй болж, илүү үр дүнтэй ажиллаж чадна” гэж санал асуулгыг явуулсан IDF Eurasia компанийн дүгнэлтэнд дурджээ.    


Санал асуулгад жижиг, дунд бизнес эрхэлдэг 130 гаруй компанийн 3400 гаруй ажилтан, түүнчлэн хүний нөөцийн албаны ажилтнууд, компанийн захирлууд оролцжээ. 

Холбоотой мэдээ