Азербайжаны долоон сэтгүүлчид хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-21 12:33:24

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 21 /ВВС/. Азербайжаны шүүхээс тус улсын долоон сэтгүүлчид 7 жил 6 сараас 9 жилийн хорих ял оноосноос зургаа нь Abzas Media хэвлэлийн газрын ажилтнууд, нэг нь “Эрх чөлөө” радиостанцын сэтгүүлч байна.


Abzas Media нь албан тушаалтнуудын авлигын хэргийг эрэн сурвалжилж илрүүлдэг бөгөөд тус байгууллагын сэтгүүлчид Азербайжаны Зангилын дүүрэгт байгуулж буй “ухаалаг тосгон”-ы барилгын ажлыг Ерөнхийлөгч Ильхам Алиевын туслахын ахынх нь компани гүйцэтгэж байгааг сурвалжлан тогтоосон байна.


Abzas Media-гийн захирал Ульви Гасанлы, ерөнхий редактор Севинж Вагифгызы, эрэн сурвалжлагч сэтгүүлч Хафиз Бабалы, “Эрх чөлөө” радиостанцын сэтгүүлч, эдийн засагч Фарид Мехрализаде нар 9 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бол Abzas Media-гийн сурвалжлагч Наргиз Абсаламова, Эльнара Гасымова нарт 8 жилийн, AbzasMedia-гийн орлогч захирал Махаммад Кекаловт 7 жил 6 сарын хорих ял тус тус оноожээ.


Эдгээр хүмүүсийг “контрбанд хийсэн”, “татвараас зайлсхийсэн”, “гэмт хэргийн замаар олсон хөрөнгөө хууль ёсны болгосон” гэх мэт зүйл ангиудаар шийтгэсэн байна. Харин хүний эрхийг хамгаалагчид, сэтгүүлчдийн үзэж байгаагаар, энэ бол хараат бус хэвлэл мэдээллийнхнийг дуугүй болгохоор Азербайжаны эрх баригчид оролдож буйн илрэл юм. Тухайлбал, Азербайжанд 2022 онд батлагдсан хуульд “хэвлэл мэдээллийн байгууллагууд гадаадын хөрөнгө тэтгэлгээр үйл ажиллагаа явуулах нь санхүүгийн гэмт хэрэг мөн” гэж заасан байна.  


Олон улсын хүний эрхийн байгууллагууд хорих ялаар шийтгүүлсэн сэтгүүлчдийг “улс төрийн хоригдлууд” хэмээн нэрлэж байгаа бөгөөд Азербайжанд сүүлийн жилүүдэд улс төрийн шалтгаанаар хоригдсон хүмүүсийн тоо 100 орчим байснаа 375 болж нэмэгджээ.  


Түүнээс гадна ВВС агентлаг, “Америкийн дуу хоолой” радиостанцын товчоонууд, Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн салбарыг Азербайжанаас гаргасан байна. Ийм байдлаар чөлөөт хэвлэлүүд, олон улсын байгууллагуудыг шахан хавчиж байгаа нь Орос-Украины дайнтай холбоотой гэж ажиглагчид үзэж байгаа ажээ. Учир нь, Европын орнууд Оросын хийнээс хамааралт байдлаас ангижрахын тулд Азербайжанд хандаж байгаа нь хүний эрхийн асуудлаар Бакуд шахалт үзүүлэх боломжгүй болгож байгаа юм.


Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен 2022 онд, Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас энэ оны дөрөвдүгээр сард Бакуд айлчлах үеэрээ хүний эрхийн асуудлыг огт дурдаагүй төдийгүй Азербайжаныг “эрчим хүчний салбар дахь найдвартай гол түнш” гэж нэрлэсэн байна.


Сэтгүүлчдийг баривчилж буйг үл тоомсорлож, Алиевтай халуун дотно харилцаатай байгаа Европын Холбооны удирдагчдыг Азербайжаны сэтгүүлчид төдийгүй Европын парламентын зарим гишүүн шүүмжилсээр байгаа юм. Тухайлбал, Азербайжанд хүний эрхийн зөрчил газар авч байгаа учраас тус улсаас хий худалдан авахаас татгалзахыг шаардсан тогтоолыг Европын парламент энэ онд баталжээ. 

Холбоотой мэдээ