Г.Лхагвасүрэн: Жаран нас хүртлээ цусаа бэлэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-08-04 15:34:03
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг аврахаар 1982 оноос хойш тасралтгүй цусаа бэлэглэсэн ахмад “Хүндэт донор” Гүндийн Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Анх цусаа өгөх үед Та хэдэн настай байв?

-1982 онд 21 насандаа цусаа өгч байлаа. Тухайн үед  Орхон аймгийн Хүүхдийн эмнэлэгт нярав, асрагчаар ажиллаж байв. Өвчтэй хэвтэж байгаа, цус хэрэгтэй хүүхдүүдийг хараад өрөвддөг байсан. Тэр үеэс хойш өгч эхэлсэн.  

-Энэ хугацаанд Та нийт хэдэн литр цус бэлэглэсэн бол?

-Нийт 50 литр цус өгсөн байна. 2007 онд “Хүндэт донор” болсон. Дээр үед цусаа өгөхөд нэртэйгээ байдаг байсан. Хүүхдийн эмнэлгийн Лхагваа гээд. Одоо бол кодтой болчихсон.  Нэг ч гэсэн хүнд тусалъя, хүний амь аварч байна гэсэн сэтгэлээр цусаа өгнө. Цусаа өгсөн хүүхдүүдийн ээж аав нь баярлаж талархснаа илэрхийлнэ. Больницын Лхагваа гэхээр анддаггүй байлаа. /инээв/

-“Хүндэт донор” болох үед ямар сэтгэгдэл төрж байв?

-Үнэхээр гоё байсан. Манай донорын зөвлөлд 70 гаруй хүндэт донор байдаг. Цусаа өгөөч гэсэн хүнд татгалзалгүй өгдөг. Донор хүмүүс их сайхан сэтгэлтэй байдаг юм шиг санагддаг.

-50 литр цус гэхээр хэчнээн хүнд тусалсан байх бол?

 -Нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амь аврахтай адил гэдэг юм билээ. Миний чаддаг юм энэ гэж л боддог ш дээ./ инээв/ .

-Цусаа өгсөний дараа биед өөрчлөлт ордог уу?

-Залуу байхад цус ихтэй байж. Цусаа өгсний дараа бие сэвэлзээд л байдаг. Цусны эргэлтэд орчихдог. Цусаа өгөхгүй бага зэрэг удахаар цус өтгөрөх, даралт ихсэх шинжтэй болж байна. Одоо 60 хүртлээ өгнө. Гурван жил дутуу байна.

-Донорын зөвлөлд идэвхтэн донорууд нэмэгдэж байна уу?

-Сүүлийн үед залуучууд их болсон. Хоёр мянга орчим залуус байна. Жил бүрийн 6-р сарын 14-нд Дэлхийн донорын баяраа тэмдэглэнэ. Залуучууд мундаг сайхан сэтгэлтэй болсон байна.

-Цар тахалтай холбоотойгоор цусны хомсдол үүсээд байна. Цусаа бэлэглэх хүсэлтэй хүмүүст Та юу гэж хэлмээр байна.

-Нэг удаа  300 мл цус өглөө гэхэд  өвчтэй, яаралтай хагалгаанд орох, цус алдсан гээд олон хүнд тус нэмэр болж байдаг. Бусдадаа эрүүл энхийг хүсч, өвчтэй нэгэндээ цусаа бэлэглээрэй гэж хэлмээр байна.

 

Холбоотой мэдээ