Б.Батзориг: Яс сөнөрөх өвчин нь байгаль цаг уурын өөрчлөлттэй шууд холбоотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-08-03 09:57:00

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд зүүн гурван аймгийн нутагт үхрийн яс сөнөрөх өвчний тохиолдол огцом нэмэгдэх болов. Хамгийн сүүлийн тохиолдол л гэхэд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 20 малчин айлын 100-аад үхэр яс сөнөрөх өвчнөөр үхжээ. 100 орчим үхрийн дийлэнх нь саалийн үнээ юм. Энэ талаар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжээч эмч Б.Батзоригоос тодруулав.

-Мал олноор үхэх тохиолдол ихэвчлэн гоц халдварт өвчний үед ажиглагддаг болохоор яс сөнөрөх эмгэгийн талаар иргэд, малчид төдийлөн мэдэхгүй байна. Энэ өвчний учир шалтгааны талаар эхлээд мэдээлэл өгөөч?

-Байгаль цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн талхлалтаас үүдэлтэйгээр ургамлын бүтцэд өөрчлөлт орж, мал өвс ургамлаас хангалттай шим тэжээлээ авч чадахгүй болсноор яс сөнөрөх өвчин тусдаг.

Өвс ургамал, хөрсөнд агуулагдаж байгаа эрдэс бодисын найрлага мал сүргийн бие мах бодийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаагаас эрдэс бодисын дутагдалд ордог гэж ойлгож болно. Ер нь өвс тэжээлийн зүйлийн бүрэлдэхүүн үндсэндээ өөрчлөгдчихөөд байна шүү дээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнө л гэхэд маш өргөн уудам нутагт судалгаа хийж үзэхэд дан нэг төрлийн ургамал ургасан нь ажиглагдаж л байсан. Урсаж байсан гол, ургаж байсан өвс хэчнээнээрээ үгүй болж байгааг бид төдийлөн анзаарахгүй байна.

-Манай улсад хэдий үеэс энэ яс сөнөрөх өвчин бүртгэгдсэн байдаг юм бэ?

-Яс сөнөрөх өвчин анх 1982 онд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд бүртгэгдэж байсан. Жилээс жилд хүрээ нь тэлж, зүүн гурван аймагт тохиолдол олширсоор байна. Дорнод аймгийн Сэргэлэн, Чойбалсан, Баянтүмэн, Матад, Хэрлэн суманд үхэр яс сөнөрөх эмгэг тусч үхэх тохиолдол зонхилж байгаа. Эхний ээлжид Баянтүмэн, Сэргэлэн, Булган сумдад судалгаа хийж үзэхэд зарим төрлийн ургамал огт ургахгүй болж, ашиг шимт байдал, агуулагдах эрдэс бодис нь алдагдаж багассан байна.

-Үхсэн малд шинжилгээ хийсэн байх. Ямар төрлийн эрдэс бодисын дутагдалд орж вэ?

-Кальци, фосфор, натри гэх зэрэг хэрэгцээт бүхий л эрдэс бодисыг дутагдалд орсон байна.

-Байгаль цаг уурын өөрчлөлтөөс гадна бэлчээр талхлалт, малын тоо толгойн хэт өсөлттэй холбоотой гэж үзэж болох уу?

-Малчдын дунд бэлчээр сэлгэх ойлголт үндсэндээ үгүй болсон. Мэдээж малын өсөлттэй холбоотойгоор бэлчээрт талхлалт үүсэж байна.

-Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Та бүхэн ямар арга хэмжээ авч байна вэ?

ал сүрэгт эрдэс бодисын дутагдлыг тэжээлээр нөхөж, харьцуулсан судалгаа шинжилгээний ажил хийж байна. Энэ жил л гэхэд нэг айлын 20-иод үхэр зөвхөн энэ төрлийн өвчнөөр хорогдоно гэдэг эдийн засгийн асуудал ч цаана нь хөндөгдөнө гэсэн үг. Бидний очсон айлуудад байдал ийм байгаа ч үүний цаана ганц нэгээрээ хорогдож, мал эмнэлгийн байгууллагад хандаагүй орхисон хэчнээн тохиолдол байгааг тооцоолоогүй байна. Эмчилгээ хийсэн, хийгээгүй хоёр бүлэг малаас шинжилгээ авсан, эмчилгээний үр дүн ямар байгаа, эмчлэгдээгүй малын цусанд агуулагдах элементүүдийн хэмжээ ямар байгааг харьцуулах юм.

-Малчдад мэдээлэл зөвлөмж өгөх байх?

-Сүүлийн үед мал сүргийн идэж тэжээлийн дуршил өөрчлөгдөж байна. Хөрзөн, яс, гялгар уут гээд янз бүрийн зүйл иддэг болсон. Энэ нь мал сүрэг идэш тэжээлийн дутагдалд орж, яс сөнөрөх өвчинтэй болж буйн илрэл. Доголох, тамир тэнхээ муудах, хэвтэрт орох зэргээр аажмаар өвчилдөг. Гэтэл малчид үүнийг анзаардаггүй. Олноор үхсэн тохиолдолд л мал эмнэлэгт ханддаг. Тиймээс гарз хохирол үзсэнийхээ дараа биш урьдчилан сэргийлэх зорилгоор нэмэлт тэжээлийг мал сүрэгтээ өгөх нь зүйтэй. Эрдэс бодисын дутагдлыг нь нөхөх хамгийн зөв гэж хэлмээр байна.

-Баярлалаа. 

Холбоотой мэдээ