БНАСАУ руу зугтсан хүн коронавирусний халдварыг тээгч байгаагүй гэжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-27 14:30:34

СӨҮЛ. /TASS/. БНСУ-аас БНАСАУ руу нууцаар ирсэн хүн коронавирусээр халдварласан байх магадлал бага байсан хэмээн БНСУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн албан ёсны төлөөлөгч Юн Тэ Хо мэдэгджээ.


“Энэ хүн “COVID-19”-н халдвар авсан өвчтөнөөр төдийгүй халдвар авсан хүмүүстэй ойр хавьталтай байсан хүнээр ч бүртгэгдэж байгаагүй. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв БНАСАУ руу оргон зугтсан хүнтэй ойр харьцаж байсан хоёр хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулахад, тэдний алинаас нь ч халдвар илрээгүй” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны албан ёсны төлөөлөгч Ким Юн Накын мэдэгдсэнээр, БНАСАУ руу зугтсан хүн Канхвадо арал орчимд хил давжээ.


Өдгөө 24 настай хил давсан этгээд Кэсон хотыг зорьсон бөгөөд тэндээ өмнө нь амьдарч байсан аж. Хил давсан этгээд эд зүйл, баримт бичигтэй цүнхээ үлдээсэн учир түүний хил давсан байршлыг нарийн зөв илрүүлж чадсаныг Штабын дарга нарын хороо цохон тэмдэглэжээ.


Оргон зугтсан тохиолдлууд

Сүүлийн 5 жилийн хугацаанд БНАСАУ-аас оргон зугтсан дор хаяж 11 хүн БНСУ-аас эх орондоо эргэн ирсэн тухай Үндэстнээ нэгтгэх яамны албан ёсны төлөөлөгч даваа гарагт болсон сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Тус яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, БНАСАУ-аас оргон зугтсан 3 хүн 2015 онд эх орондоо эргэн ирсэн бол 2016 онд 4 хүн, 2017 онд мөн тооны хүн эргэн ирсэн байна. Түүнээс хойш 2020 оны 7 дугаар сар хүртэл иймэрхүү тохиолдол бүртгэгдээгүй аж. 


Халдварт өвчний шинж тэмдгүүд

Коронавирусний халдварт өвчний шинж тэмдгүүдтэй ижил төрлийн шинж тэмдгүүд хил давсан этгээдэд ажиглагдсан тухай БНАСАУ-ын эрх баригчид ням гарагт мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан 7 дугаар сарын 24-нд Кэсон хотод хорио цээрийн хатуу дэглэмийг нэвтрүүлсэн юм. Солонгосын цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, хотын бүх дүүргийг тусгаарлаж, оргон зугтсан этгээдтэй ойр хавьталтай байсан хүмүүсийг эмчийн байнгын хяналтын дор байлгаж байгаа аж.


Нөхцөл байдлыг хэлэлцэхээр БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны шуурхай хуралдаан явуулахыг бямба гарагт санал болгожээ. Түүнчлэн тэрбээр коронавирусний дэгдэлтээс хамгаалахын тулд бүс нутагт онцгой байдлын өндөржүүлсэн бэлэн байдал тогтооход бэлэн байгааг мэдэгдсэн байна.


Албан ёсны мэдээллээр, БНАСАУ-д өмнө нь коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй юм. Нэгдүгээр сарын сүүлчээр тус улсад халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, эрх баригчид хилээ хааж, дунд сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, бүх нийтийн хөл хориог нэвтрүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ