Ж.Болсонару коронавирусний шинжилгээний хариугаа сөрөг гарсан гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРАЗИЛИА. /Time/. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару коронавирусний шинжилгээний хариугаа сөрөг гарсан гэж бямба гарагт мэдээлжээ. Тэрбээр долоодугаар сарын 7-нд шинжилгээний хариу нь эерэг гарснаас хойш дөрвөн удаа шинжилгээ өгчээ.
Ж.Болсонару шинжилгээний хариуныхаа талаар “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн хэдий ч сүүлийн шинжилгээгээ хэзээ өгсөн талаар мэдээлээгүй байна. Түүний өгсөн гурав дахь шинжилгээний хариу лхагва гарагт эерэг гарсан юм. Өдгөө 65 настай Ерөнхийлөгч мөн хумхааны эм “гидроксихлорохин”-ыг хажуудаа тавьсан гэрэл зургаа нийтэлсэн боловч уг эм нь шинэ коронавирусний эсрэг үр дүнтэй гэх нотолгоо байхгүй байгаа юм.
Халдвар аваад эдгэрсэн Ж.Болсонару одоо урьдынхтайгаа нэгэн адил олон нийттэй уулзах төлөвтэй байгаа ажээ. Тэрбээр Бразилд цар тахал дэгдсэнээс хойш олон долоо хоногийн турш дэмжигчидтэйгээ ойр байсан бөгөөд зарим тохиолдолд амны хаалт зүүхгүй байжээ. Мөн пүрэв гарагт тэрбээр амны хаалтгүй байхдаа ерөнхийлөгчийн ордны цэцэрлэгийг цэвэрлэж буй хүмүүстэй ярилцаж байсныг камерын дуранд буулгасан байна.
Латин Америкийн
хамгийн том орон болох Бразил нь халдварын голомтуудын нэг болоод байгаа юм. Засгийн
газрынх нь мэдээллээр, Бразилд халдварын 2313366 тохиолдол бүртгэгдэж, 83238 хүн нас
баржээ. Гэвч бодит тоон үзүүлэлтүүд албан ёсны тооноос хавьгүй өндөр байж болзошгүй ажээ.