Чөндү хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газрыг хааж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-23 15:42:45

ХОНКОНГ /СЯНГАН/. /South China Morning Post/. Хьюстон дахь дипломат төлөөлөгчийн газрыг хаахыг Вашингтон шаардсаны хариуд Хятад улс Чөндү хот дахь АНУ-ын Ерөнхий Консулын газрыг хааж магадгүй байна.


АНУ шаардлагаасаа татгалзахгүй бол эрс эсэргүүцлийн арга хэмжээ авна гэдгээ Хятадын эрх баригчид өмнө нь мэдэгджээ. 


Эх газрын Хятадад АНУ-ын Ерөнхий консулын нийт 5 газар байдаг ажээ. Эдгээр 5 газар нь Гуанжоу, Шанхай, Шэньян, Чөндү, Ухань болон Хонконгт байрладаг аж.


Эхлээд Ухань хот дахь АНУ-ын консулын төлөөлөгчийн газрыг хаах боломжийг хэлэлцэж байсан хэдий ч Америкийн тал цар тахлын улмаас тус хот дахь ажилтнаа хэдийнээ нүүлгэн шилжүүлээд байсан учир сүрхий нөлөө үзүүлэхгүй гэж шинжээчид үзжээ. Тиймээс 1985 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Чөндү хот дахь дипломат төлөөлөгчийн газрыг хаах нь талуудын харилцаанд илүү эмзэг алхам болох юм хэмээн “South China Morning Postцохон тэмдэглэсэн байна. 


Хьюстон дахь Ерөнхий консулын газрыг 72 цагийн дотор хаахыг АНУ-ын эрх баригчид мягмар гарагт БНХАУ-ын эрх баригчдаас шаарджээ. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, АНУ-ын зүгээс дангаар явуулж буй өдөөн хатгалга нь олон улсын эрх зүйн хэм хэмжигдэхүүн, олон улсын харилцааны гол зарчмууд болон хоёр улсын консулын хэлэлцээрийг ноцтой зөрчиж байна гэжээ. Энэ шаардлагаасаа татгалзахгүй бол Хятадын эрх баригчид эрс эсэргүүцлийн арга хэмжээ авна гэдгийг тэрбээр анхааруулжээ. 

Холбоотой мэдээ