Төсөв харж суулгүй бүтээн байгуулалт өрнүүлж болдгийг харуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Бат-Өлзий сум нь Орхон голын эрэг дагуу ус мод, хад чулуу ихтэй газар оршдог. Тиймээс сумын төвийн газар шороо энхэл донхол ихтэй, ус намаг, чулуутай байдгаас тээврийн хэрэгслээр зорчиход бэрхшээлтэй байдаг юм.
Тэгвэл сумын Залуучуудын холбооноос иргэдийг сайн дураар хамруулан хоёр эгнээ, 350 метр зам засах ажлыг зохион байгууллаа. Уг ажилд 30 орчим залуу, ачаа тээврийн 18 жолооч, ахлах ангийн 20 орчим сурагч идэвхтэй оролцож, төсөвгүйгээр бүтээн байгуулалт хийж болдгийг харууллаа. Мөн сумын Ахмадын хорооны дарга Г.Дондогсэрчин, Ойн инженер Д.Очирхуяг болон зарим дэлгүүр, зоогийн газрын эзэд сэтгэлээрээ ажиллаж буй залуусаа эргэж хоол хүнсээр хангаж байжээ.
Хэн нэгнээ шүүмжлэхээс илүү, бас ярихаас илүү бүтээх нь чухал. Олуулаа оролцвол үүнээс ч илүү ихийг чадна. Бат-Өлзийн залуус "Хүсвэл нэгдэж чадна- Нэгдвэл бүтээж чадна" хэмээн Залуучуудын холбооныхон хэлж байв. Тэд сумын залуучуудад хандан “Сумынхаа хөгжилд биечлэн оролцьё” хэмээн уриалж байгаа аж.
Өвөрхангай Б.Батчимэг