Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-21 15:14:38

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-22-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орно гэсэн мэдээллийг цаг уурын байгууллагаас өгч байна. Иймээс аймгийн Онцгой байдлын газраас ард иргэдэд хандаж дараах сэрэмжлүүлэг,  мэдээллийг хүргэж байна.

Тухайлбал, ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх. Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Төв суурин газрын үерийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг тус тус анхаарууллаа.

Хэрвээ ард иргэдэд ямар нэгэн гамшиг осол тохиолдвол аймгийн Онцгой байдлын газрын 7045101, 7045105 тоот утсанд хандах юм байна.

Холбоотой мэдээ