Баянхонгорын музей 10 мянга гаруй үзмэртэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-07-09 17:13:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Музей анх 1949 оны 4 дүгээр сарын 16-нд аймгийн Бага хурлын тэргүүлэгчдийн 18 дугаар тогтоолоор нэг гэрт 10-аад үзмэртэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд энэ онд 70 жилийн ой нь тохиож буй. Өдгөө Түүх угсаатны зүй, Байгалийн түүхийн музей гэсэн хоёр салбартай 10 мянга гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, 15 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Түүхэн эх сурвалжаас харвал, Баянхонгор аймгийн музей 1950-1955 онд ХАА үзэсгэлэн нэртэй гол төлөв самбар зураг үзүүлэнтэй, 1955-1960 онд жижиг модон байшинд, 1960-1963 онд 5 ханатай гэрт байрлан үзмэр цуглуулах ажлыг голлон зохион байгуулж, 1963 оноос Соёлын ордонд, 1972 оноос одоогийн байрлаж байгаа байрандаа иржээ.

Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн болон Байгалийн түүхийн музейд хосгүй ховор үзвэрүүд олон бий. Тухайлбал, Тарбозаврын бүтэн хэлхээ яс, хүрэл морь, бадамлянхуа цэцэг, Ламын гэгээний хийдэд залагдаж байсан Цагаан, Ногоон дарь эх бурхад зэрэг ард иргэдийн бэлэглэсэн, худалдсан түүхэн ач холбогдолтай хосгүй үнэт 10 мянга орчим үзмэртэй аж.

Музей тус бүр найман танхимтай. Түүх угсаатны зүйн музей Нэн эртний танхим, Генералуудын, Угсаатны зүйн, Сав суулгын,  Шашин, зан үйлийн, Алдартны танхим, Дүрслэх урлаг, уран сийлбэрийн, Уламжлалт зан үйлийн танхимтай. Харин Байгалийн музей Динозаврын танхим, Шавжны, Ургамлын, Чулуулгын, Мазаалайн, Хангайн амьтны, Говийн амьтны шувуудын танхимтай.

Тус музей Даваааасан гарагт 09:00-18:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд хүүхэд 500 төгрөг, том хүн 2000, оюутан 1000 төгрөгийн тарифтай. Гадны жуулчинд ч мөн тариф мөрдөгддөг бөгөөд музейд камерын бичлэг хийхэд 10.000 төгрөг, фото зураг авахад 5000 төгрөгийг нэмж төлөх шаардлагатай.

Ингээд зарим онцлох үзмэрийн талаарх мэдээллийг хүргэе.

                                    

Тарбозаврын хэлхээ яс


Геологийн нас: Нэмэгтийн цаг үе 78 – 65 сая жил 

Олдсон газар: Баянхонгор, Баянговь сумын бүгийн цав

Дэлхий дээр 300 гаруй төрлийн үлэг гүрвэл байсныг одоогоор олж тогтоосон бөгөөд түүний 60 гаруй төрөл нь Монгол нутгаас олджээ. Монгол орноос олдсон хамгийн том Аварга махан идэшт үлэг гүрвэл нь Тарбозавр юм. Одоогоор Тарбозавраас том аварга махан идэшт үлэг гүрвэл Европ, Ази тивээс олдоогүй байна.

Нас бие гүйцсэн Тарбозаврын урт нь 12 метр, өндөр нь 4- 5 метр хүндийн жин нь 6 тонн шахам жинтэй болдог гэж эрдэмтэд тооцоолсон ба Баянхонгор аймгийн музейд дэглэгдсэн Тарбозаврын өндөр нь 3 метр, урт нь 9 метр юм.

 

Хос хүрэл морь

Монгол нутагт хүрлийн үйлдвэрлэл НТӨ III мянганаас эхэлсэн байна. I үед өргөн дэлгэрч НТӨ I мянганы эх хүртэл үргэлжилжээ. Тухайн үед хүрлийг хайлж цутгаж эдлэл хийдэг байсан байна.

Хүрлийн үеийн гол дурсгалуудад тооцогдох Дөрвөлжин булшнаас болон түүврээр хүрэл сүх, хүрлээр хийсэн оольхутгазэвүүддуулгатогойамгайзуузайхуруувч, амьтны дүрстэй тээг товруу, даруулга зэрэг зүйлс олдсон байдаг ба МЭӨ III-зууны үеийн хүрлийн үеийн гайхамшигт ховор олдворын нэг болох Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж  буй  хос хүрэл морь олджээ.

1980 онд Орон нутаг судлах музейн тайлбарлагч байсан Д.Адъяа Бууцагаан сумын нутаг Уул хайрхан гэдэг газар нутаглаж байсан н.Цолмон гэдэг хүнээс цуглуулгаар ирснээс хойш өнөөг хүртэл  аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Тус үзмэрийн дэлгэрэнгүй судалгаа,  шинжилгээг одоогоор хийгээгүй байна.

Уг хос хүрэл  морины хэмжээ нь: 150 гр жинтэй, 6 см өргөнтэй, өндөр нь суурийн хамт 9 см, урт нь 3 см юм байна.

 

Цагаан, Ногоон дарь эх

Монгол дархны уран сайхны өвөрмөц онцлог шинж эмэгтэй хүний бие галбир, намба төрх, гоёл чимэглэлийг энгийн төв хийцтэй харуулсан домгийн сэдэвт бүтээл юм. Ламын гэгээний уран дархны зэрэгт хүрсэн Хуучин жинст сумын иргэн Эдэнжавын Самбуу дархны бүтээл бөгөөд энэ бурхад нь Ламын гэгээний  /Баянзүрхийн хонхор/  хийдэд шүтэгдэж байжээ.

Уг бурхад нь 120 см өндөртэй, 150 кг жинтэй гуулиар цутгаж хийсэн. 1829-1914 оны үед амьдарч байсан Эдэнжавын Самбуу дархан /19-р зууны эхэн үе/ урласан бөгөөд 1969 онд Орон нутаг судлах музейн эрхлэгч байсан Л.Юндэнбат цуглуулгаар Баянзүрхийн хонхороос олж ирж сан хөмрөгийг баяжуулсан түүхтэй.

 

Хос Бадамлянхуа цэцэг


Хос бадамлянхуа цэцгийг 4 хос буюу 8 ширхэгийг хийж байсан гэсэн мэдээлэл байдаг. Үүнээс Музейн сан хөмрөгт нэг хос, дэлбээ нь хадгалагдаж байна.

Ламын гэгээний уран дархан Э.Самбуугийн урласан энэхүү цэцэг нь 1кг орчим ачаа тавихад хумигдаж хаагддаг, оньсон товчлууртай. Ламын гэгээний 5 дугаар дүр Лувсанпэрэнлэйтогмидод нангиад газраас алтан аяга, шүрэн өвгөн байсан бөгөөд түүнийгээ хадгалах сав хийж өг гэсний дагуу уг цэцгийг хийжээ.

8ш дэлбээтэй, түүн дээрээ 8 тахилтай, 3 салдаг. Цэцэг, навч, үүл, хамар, угалз, мушгиа зэрэг хээ чимэгтэй.

Холбоотой мэдээ