Наадмын өдрүүдээр дуу цахилгаантай усархаг бороо орно

Монголын мэдээ | Байгаль орчин
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-09 14:36:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ өнөөдөр өглөө. 


Баяр наадмын амралтын өдрүүд буюу долоодугаар сарын 10-15-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймаг, зүүн аймгуудаар дуу цахилгаантай усархаг бороо орно. Мөн 10-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн гурван аймаг, говийн нутгийн зүүн хэсэгээр усархаг бороо орно. Харин 11,12-нд баруун болон төв, зүүн аймгуудаар, 13-нд баруун аймгуудын нутгаар үргэлжлэн орно. Түүнчлэн 14,15-нд нутгийн хагас буюу баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. 



Уулархаг болон говийн нутгаар гэнэтийн үер, нүүлэг болохоос гадна хүчтэй салхилж болзошгүй. Мөн нэг сард орох ёстой хур тунадасны хэмжээ нэг хоногт орох тохиолдол их байгааг ЦУОШГ-ын инженер М.Должинсүрэн онцлов. Газрын чийг ихтэй үед агаарын темпратур дулаарах нь гэнэтийн ширүүн аадар бороо орох нөхцөлийг бүрдүүлдэг учир энэ сар аадар бороо ихтэй хэмээн мэдээллээ. Баяр наадмын үеэр үер усны аюул, усны ослоос урьдчилан сэргийлэхийг мөн анхаарууллаа.


Ташрамд дурдахад, 2020 оны эхний хагас жилийн байдлаар, үер устай холбоотой ослын улмаас 39 хүн эндээд байна.  Сүүлийн сарын хугацаанд гэхэд, найман хүн, тэр дундаа хоёр хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсныг ОБЕГ-ын Гамшгийн удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл мэдээллийн үеэр тэмдэглэв. Сүүлийн гурван жилийн статистик дүнг харвал, баяр наадмын өдрүүдээр дунджаар 10 орчим хүн гол усанд амь насаа алдаж байгаа аж. 

О.Сэрүүнээ



Холбоотой мэдээ