Банкны картаа дижитал хэлбэрт шилжүүлэн PASS аппликэйшнээ ашиглаарай

Монголын мэдээ | Эдийн Засаг
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-08 12:33:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХААН Банк, ''Дата банк'' ХХК-тай хамтран ''Ухаалаг түрийвч'' буюу "Pass.mn" аппликэйшнийг Монголд анх удаа нэвтрүүлж харилцагчдадаа санал болгосон талаар танилцууллаа. 


ХААН Банк мобайл банк, интернэт банк, Khanbank аппликэйшн ашиглан төлбөр тооцоог бэлэн мөнгөөр биш, цахимаар хийх эхлэлийг тавьж байсан бол өнөөдөр банкны ямар ч үйлчилгээг гар утаснаасаа авдаг дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах цаг иржээ.


Уг аппликэйшнийг ашигласнаар олон төрлийн банкны карт түрийвчиндээ авч явах шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл, гар утсан дахь Pass.mn аппликэйшнээ ХААН Банкны карттайгаа холбож худалдаа, үйлчилгээний газрын ПОС төхөөрөмжийн QR кодыг уншуулан төлбөр тооцоогоо хийх боломжтой. Ингэснээр, карт уншигч төхөөрөмжид хүрэлцэх, дамжуулах шаардлагагүй гэдгээрээ эрүүл бас аюулгүй гэдгийг тус банкныхан онцолж байна. 


‘’Дата банк’’ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Тогтуун, "Бусад улстай харьцуулахад, төлбөр тооцооны шийдэл манай улсад харьцангуй сайн нэвтэрч байна. Олон ч компани энэ зах зээлд өрсөлдөж байгаа, миний мэдэж буйгаар 10 гаруй компани цахим хэтэвч үйлчилгээг нэвтрүүлсэн. Эдгээр компаниуд зах зээлд өрсөлдөхдөө мэдээж шинэ шийдлийг нэвтрүүлэх байх. Харин манай аппликэйшн олон улсын хөгжлөөс хоцролгүй, мөр зэрэгцэн шинэчлэл хийж байна. Бидний зорилт бол өдөр тутмын хэрэглээ буюу дэлгүүрт төлбөр тооцоогоо хялбараар хийх боломжоор хангах юм. Цаашид харилцагчийн хүсэл шаардлагад нийцүүлэн нэмэлт үйлчилгээ нэвтрүүлнэ" гэлээ. 


Уг аппликэйшн нээлтээ хийсэн өдөртөө 7,000 хэрэглэгчтэй болсон байна. ХААН Банк цаашид онлайн худалдан авалт, хэрэглээний төлбөр, бусад бонус картуудыг холбох зэрэг төлбөр тооцоог хөнгөвчлөх таатай боломжуудыг тус аппликэйшнд нэмэхээр ажиллаж байна.



“Ухаалаг түрийвч” буюу Pass.mn аппликэйшнийн талаар ХААН Банкны Картын Бизнесийн газрын ПОС-ын албаны мэргэжилтэн Ө.Анхбаяраас тодруулав.


-Дээрх аппликэйшнийг ашигласнаар банкны карт хэрэггүй болно гэж ойлгож болох уу? Энэ аппликэйшн ХААН Банкны интернэт банкны аппликэйшнээс ямар ялгаатай вэ?


-ХААН Банкны интернэт банкны аппликэйшн нь банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах чиглэлээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, банкны цахим салбар болон хөгжиж байгаа. Харин Pass.mn аппликэйшн бол цахим орчин дахь таны банкны карт болон ашиглагдана.


-Хэрэглээнд хэзээнээс нэвтэрсэн бэ?


-Энэ сарын 6-ны өдөр хэрэглээнд нэвтэрсэн. Нэвтэрсэн өдөртөө л 7,000 орчим харилцагчтай болсон. ХААН Банкны 20,000 гаруй ПОС төхөөрөмж дээр шууд ажиллах боломжтой байгаа. Монгол Улсын хэмжээнд хамгийн өргөн тархсан ХААН Банкны ПОС төхөөрөмж 50-иас дээш хувийг эзэлдэг. Цаашид аппликэйшнээ илүү сайжруулахын төлөө ажиллана.


1. Pass.mn үйлчилгээнд бүртгүүлэх заавар:



2. QR код уншуулж гүйлгээ хийх заавар. 



3.Төлбөрийн карт нэмэх зааварчилгаа


4. Төлбөрийн карт хасах зааварчилгаа



5. Нэвтрэх нууц код сэргээх зааварчилгаа


О.Сэрүүнээ

Холбоотой мэдээ