ОХУ-аас ирсэн хоёр иргэнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-08 11:38:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр нийт  370 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Халдвартай иргэдийн нэг нь Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д, нөгөө нь Орхон аймагт тусгаарлалтад байжээ. Тэд ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн бөгөөд 20, 22 настай эмэгтэй юм.

Түүнчлэн коронавирусээр халдварласан нэг хүн өнөөдөр эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байна. Эдгэрсэн 24 настай эмэгтэй 50 хоног эмчлүүлжээ.


Ингэснээр, манай улсад коронавируст халдварын батлагдсан 227 тохиолдол бүртгэгдэж 195 хүн эдгэрлээ. Одоо ХӨСҮТ-д 32 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл 31 хүн хөнгөн, нэг хүн хүндэвтээр оноштой байна.

Өчигдөр хийсэн шинжилгээг задалбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүн, тандалтын зорилгоор цуглуулсан найман сорьц, Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр өчигдөр ирсэн 172 зорчигч, ажиглах байранд тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүн, Орхон аймагт тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу халдваргүй гарчээ. 

Холбоотой мэдээ