Ариутгал халдваргүйжүүлэлтийн хоёр сарын аян өрнүүлнэ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-05-12 14:58:58

Дорноговь аймаг ариутгал халдваргүйжүүлэлтийн хоёр сарын аяныг  өрнүүлэхээр болов. Өнгөрсөн өвөл говийн зарим суманд цас  орж, хүйтэрснээс мал болон зээрийн сүрэг ихээр хорогдож үхсэн мал амьтаны сэг зэм бэлчээрт их тархжээ.

Мөн малын гоц халдварт өвчин дэлгэрч байгаа нь нэг талдаа  малчдын хариуцлага, ухамсраас шалтгаалж байгаа учир малчдыг мал сүргээ хугацаанд нь  угаалга, тарилгад хамруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хариуцлагыг сайжруулах шаардлага байгааг албаныхан хэлж байна.

Тиймээс тус аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу аяны хүрээнд сум бүр мал амьтаны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг газрууд болон хүнсний үйлдвэр, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал амьтаны хашаа хороо зэргийг цэвэрлэх, бэлчээрт байгаа үхсэн мал амьтаны сэг зэмийг устгах, ариутгах халдваргүйжүүлэх ажлыг хийхээр болов.

Мөн мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг бүх нийтийг хамарсан ажил болгох төдийгүй энэ ажлыг зохион байгуулахад шаардлагатай  зөвлөмж, чиглэлийг мэргэжлийн байгууллага өгөх аж. Ариутгал халдваргүйжүүлэлтийн аяныг тавдугаар сарын 20-ноос долдугаар сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ