“Хөгжлийн төв”-ийн байр барих газрын асуудлыг шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-11 23:58:50

Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хөгжлийн төв”-ийн байр барих газрын асуудлыг шийдвэрлэхээ аймгийн Засаг дарга А.Энхболд амлалаа.

Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Х.Мөнхзул, тус яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, Хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Азийн хөгжлийн банкны дотоодын зөвлөхүүд Дархан-Уул аймагт ирж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хөгжлийн төв”-ийн байр барих газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг дарга А.Энхболдтой уулзалт хийлээ. Уулзалтаар тус төвийн байр барих газрын асуудлыг даруй шийдвэрлэж өгөхөөр болов.

Уг барилгыг гурван тэрбум орчим төгрөгөөр барих бол, тоног төхөөрөмж тавилга хэрэгсэлтэй нь хүлээлгэж өгөхөд 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ гэв. Ингэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв байгуулснаар хөгжлийн бэрхшээлийн бүх хэлбэрийг эрт үед нь оношлон илрүүлж хөгжлийн хөтөлбөрт хамруулах боломж бүрдэх юм. Тус төв нь Дархан-Уул аймгаас гадна төвийн бүсдээ үйлчилгээ үзүүлснээр сургуулийн өмнөх болон их, дээд сургуульд суралцах, нийгмийн амьдралд жирийн иргэдтэй ижил тэгш оролцож ажилтай орлоготой болсноор ядуурал буурна гэж үзэж байгаа юм байна. Уг барилгын ажил ирэх 2017 оны хавар эхлэх аж. Дархан-Уул аймгийн хэмжээнд 0-18 насны 480 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас СӨБ-д 130 гаруй хүүхэд хамрагддаг бол тусгай хэрэгцээ шаардлагатай, хүнд нөхцөлд амьдардаг 80 гаруй хүүхэд байна.

 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ