Д.Нарансүх: Тухайн ажил, мэргэжилд тэнцэхгүй бол эрүүл мэндийн чадавхад нь тохирсон ажлыг санал болгох хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-30 11:13:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийг жинхэнэ мэргэжлийн үүднээс хийхгүй байгаас мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадахгүй байна. Энэ талаар хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвлөх, анагаах ухааны доктор Д.Нарансүхтэй ярилцлаа. 

-Барилга, уул уурхайгаас аваад олон салбарт үйлдвэрийн осол их гарах болсон. Энэ нь ажилтан, ажилчдыг осолд орохоос өмнө урьдчилан сэргийлээгүйтэй шууд холбож болох уу? ААН, байгууллага дээр эрүүл мэндийн үзлэгийг жилдээ 1-2 удаа хийдэг ч энэ нь мэргэжлийн үүднээс хангалтгүй юм шиг санагддаг. Үүнийг яаж үр дүнтэй буюу ажилчин осолд орохгүй, дараа нь өвчлөхгүй байхаар хийх вэ?

-Үнэн, өнөөдөр амьдрал дээр байгуулллагын ажилтнуудын эрүүл мэндийн үзлэгийг ямар ч байсан нэг үзлэг хийчихье гэсэн байдлаар хандаж байна. Мэргэжлийн үүднээс ингэж болохгүй юм. Уг нь бол эрүүл мэндийн үзлэг нь ажлын байранд мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсгэх шуугиан, доргион, тоос, хорт бодис зэрэг эрсдэлтэй нөхцөл  байгаа эсэхийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт үнэлгээгээр тодорхойлсны дараагаар ажилтнаа хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор хийх учиртай. Үүнийг байгууллагын ажил олгогч захирал, дарга удирдлагууд зөв зохион байгуулжах үүрэгтэй. Үзлэгийг зөв хийсний үндсэн дээр шаардлагатай ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг эрт үед нь солих, нөхцлийг нь сайжруулах ажлыг оновчтой хийх боломж бүрдэнэ. Ингэж байж мэргэжлээс шалтгаалах өвчин үүсэхээс өмнө урьдчилан сэргийлж чадна. 

Үзлэг нь ажилтай холбоотой өвчнийг илрүүлэхэд буюу ажлаас шалтгаалаад тухайн хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг эрт мэдэж, хөдөлмөрийн чадвар алдахаас нь өмнө урьдчилан сэргийлж чадаж байна уу гэдэгт ач холбогдол өгөхгүйгээр зүгээр л хуулийн шаардлагыг биелүүлж байна гэдэг үүднээс додомдох байдлаар хандаад байна. Уг нь ажилчдын эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулж, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлж, сэргийлнэ гэж 2008 онд батлан гаргасан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан юм. 


Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан

өвчлөлийн тоо өссөөр байна


Хуулийн дагуу ААН, байгууллага бүр тодорхой давтамжтай хугацаат үзлэг хийх шаардлагатай болсон. Хуулийг дагаад Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрүүл мэндийн хугацаат үзлэгийн журам баталсан. Гэвч журамд тухайн үзлэгийг яаж зохион байгуулж, зохицуулах талаар ерөнхий тусгасан. Журам нь тодорхойгүй болохоор хэрэгжүүлж байгаа хүмүүс нь ойлгохгүй, хэрэгжүүлж чадахгүй байна. Мөн хууль эрх зүйн шаардлага нь тодорхой биш учраас ААН, байгууллагууд төсөв, мөнгөө зарцуулахдаа яаж бага төсвөөр шийдэх вэ гэдэг талаас харж хойрог ханддаг. 

-Тэгвэл байгууллагын эрүүл мэндийн үзлэгийг яаж үр дүнтэй болгох вэ Мэргэжлийг түвшинд зохион байгуулж, зорилтдоо хүрэхэд юу дутагдаж байна вэ?

-Нэг талаас энэ үзлэгийг хийхэд эмнэлэг, мэргэжилтний чадавх их сул, цөөн байна. Яг энэ хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийг мэргэжлийн түвшинд зохион байгуулах талаар сурч, энэ чиглэлээр мэргэшсэн эмч Монголд 20 хүрэхгүй байгаа. Үзлэгийг мэргэжлээс шалтгаалсан өвчин судлаач эмч зохион байгуулдаг. Гэтэл энэ чиглэлээр дагнаж, мэргэшсэн эмч, эмнэлэг бараг байхгүйгээс үзлэгийг зохион байгуулахад хүндрэлтэй байна. Улсын хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлэг гэж ганцхан эмнэлэг бий. Мөн цөөн тооны хувийн эмнэлэг ийм төрлийн үзлэг хийж байна. Гэвч мэргэжлийн зарчмаар зохион байгуулж чадахгүй байна. 

Нөгөө талаас би түрүү хэлсэн хууль, журам нь ерөнхий заалтай, тодорхогүй зүйл олон гэж. Тиймээс хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, тодорхой болгох шаардлагатай байна. Арга зүйн хувьд илүү мэргэжлийн, олон улсын жишигт нийцсэн байдлаар байгуулах хэрэгтэй байна. 


Хүмүүсийг тухайн ажил, мэргэжилд тэнцэхгүй бол эрүүл мэндийнх нь чадавхад

тохирсон ажлыг нь санал болгох хэрэгтэй


-Эрх зүйн заалтыг яаж тодорхой болгох вэ? 

-Нэгд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуульд ажилчдын эрүүл мэндийн үзлэгийн үндсэн зорилгыг тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол жил бүр иргэдийн хамрагддаг ердийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үзлэгээс ялгарахгүй болоод байна. 

Хоёрт, ЭМЯ-наас гаргасан, Ажилчдын эрүүл мэндийн хугацаат үзлэгийн журмыг иргэн хүн аливаа ажлын байранд орохын тулд эрүүл мэндийн ямар шаардлага хангах хэрэгтэй, мөн сонирхсон ажлын байранд тавих шалгуурыг  тодорхой болгон шинэчлэх шаардлагатай байна. Энд 3 зүйлийг тусгах хэрэгтэй. Нэгд тухайн ажлыг гүйцэтгэхэд ажилчны бие бялдарын чадавх, хоёрт ажлын байрны нөхцөл хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байх, гуравт тухай хүн ажил хийх үед өөрийн болон бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байхыг анхаарах нь зүйтэй. Ингэснээр тухайн ажлын байр тэр хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй байх ёстой. Жишээ нь, элэгний үрэвсэлтэй хүн хортой химийн бодистой харьцахад тэр нь амьсгалын замаар дамжин элэгний үрэвслийг нь хүндрүүлэх аюултай. 

Аливаа ажил хийж буй хүн нь өөрийн болон бусдын аюулгүй байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Тухайлбал, хот хоорондын зорчигч тээврийн автобус жолоодох хүний эрүүл мэндийн байдал зөвхөн ажил хийхэд тэнцэх тухай асуудал бус зорчигчдын аюулгүй байдалд  шууд хамаатай. Тиймээс иймэрхүү жолоочийн тухайд өнгө ялгах чадвар, гүний хараа, артерийн даралт ихсэлт, сэтгцийн эрүүл мэнд гэх зүйлээр эрүүл мэндийн шалгуурыг тогтоодог.


Мөн уурхайд өндрийн буюу 250 тоннын самосвол барих операторын ажилд шалгаруулж авахад тухайн хүн ур чадварын хувьд шалгарч тэнцлээ гэхэд бие бялдрын хувьд өндөрт авирахын тулд илүүдэл жингүй байх ёстой. Энэ нь цаанаа тухайн хүний эрүүл мэнд аюулгүй байдлыг бодсон хэрэг. Нөгөө талдаа хүмүүсийг тухайн ажил, мэргэжилд тэнцэхгүй бол эрүүл мэндийнх нь чадавхад тохирсон ажлыг нь санал болгох, гэх мэт шалгуур тавигддаг байх хэрэгтэй. 

Гуравт, ажилтан, ажилчдын эрүүлмэндийн үзлэгийг хэн, ямар дарааллаар үзлэг хийх ёстой, үзлэг хийсний дараа ажилчдын эрүүл мэндийн үзлэгийн баримтыг яаж хадгалж, ямар байдлаар дүн шинжилгээ хийх зэргийг тусгах хэрэгтэй. Эрүүл мэндийн хугацаат үзлэгийн журам нь тодорхой,  ойлгомжтой гаргавал үүнийг гүйцэтгэх хүний нөөцийг АШУҮИС, ЭМЯ-наас бодлогоор бэлтгэж болно.

-Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийг жинхэнэ мэргэжлийн үүднээс хийх боловсон хүчнийг манайд хэр хангалттай бэлтгэж байна вэ?

-2018-2019 онд ДЭМБ-ын захиалгаар Монгол Улсын хөдөлмөрийн эрүүл мэндийн төлөв байдал гэдэг эмхэтгэлийг бид мэргэжлийн хүмүүстэйгээ боловсруулсан юм. Энд дурдсанаар Монголд 110 гаруй хөдөлмөрийн эрүүл ахуйч төгссөн. Үүний 70 орчим хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа. Эдгээр мэргэжилтнүүд маань хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа учраас мэргэжлийн бус хүмүүс хөдөлмөрийн эрүүл ахуйчаар ажиллаж байна. Судалгаагаар манай улсад дорж хаяж 4 мянга орчим хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцаж ажиллах мэргэжилтэн хэрэгтэй байгаа. 

-Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтний хувьд та бас тоосонцорын асуудлыг судалжээ. Тоосонцор нь өмнийн бүсэд уул уурхайгаас гадна суурин газруудын оршин суугчдад нөлөөлөх хэмжээд очсон. Тоосонцороос яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Тоосонцор нь олон юмнаас эх үүсвэртэй байдаг. Хамгийн их тоос босгодог салбарын нэг бол уурхай орж байгаа. Үүнтэй холбоотой үүсэж буй 3 асуудал байна. Нэгд, тоостой орчинд ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэнд. Хоёрт, тоостой бүс нутагт амьдарч байгаа оршин суугчдын эрүүл мэндийн байдал. Мөн байгаль экологид нөлөөлж буй байдал. Энэ нь тухайн бүс нутагт байгаа амьтад, ургамалд нөлөөлнө. Говийн тоос нь хүнцэл их хэмжээгээр агуулсан байдаг. Хүнцэлийг хаан хор ч гэж ярьдаг. Дээр үед хурдан хугацаанд амиа хорлох зорилгоор уудаг хорыг хүнцэлээр гаргаж авдаг байсан. Тиймээс энэ бол их аюултай сөрөг нөлөө юм.



Тоостой холбоотой мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтой


Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэхэд чиглэсэн стандартууд байдаг. 2015 оноос хойш тоосны хүртэлтийг зохицуулах стандартуудыг боловсруулж гаргасан. Уг стандартын хэрэгжилтийг сайжруулах нь уул уурхайн бүсэд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахад өндөр ач холбогдолтой. 

Яаж хамгаалах, тоосонцорын нөлөөллийг багасгахын тулд юуны өмнө эхлээд уул уурхайн үйлдвэрүүдийн ажлын байран дахь тоос нь өвчин үүсэх хэмжээнд байгаа эсэхийг хэмжээд мэддэг байх ёстой. Өвчин үүсэх хэмжээнд буюу зөвшөөрсөн хэмжээнээс дээш бол тоос бууруулах арга хэмжээг авч, эсрэг үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлнэ. Үүнд, одоо энэ их нүүрс их хэмжээгээр зөөж буй тэээврийн машины тоостой замд хайрга дэвсэх, нунтаг шороон замыг чийглэх, тоостой уурхай, орчинд ажиллаж буй ажилчдад тохирсон маск зүүх, ажилчдын жил бүрийн эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээгээр тоостой холбоотой өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг гаргаж, эрт илрүүлэн сэргийлж болно. Ийм маягаар тоостой холбоотой ажлаас шалтгаалсан өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтой. 


Тодруулга: Хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвлөх, Анагаах ухааны доктор Д.Нарансүх нь 2004 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны Үндэсний сургуулийг эрүүл ахуйч-тархвар судлаачаар төгссөн. 2008 онд тус сургуульд хөдөлмөрийн эрүү ахуйн чиглэлээр магистр хамгаалж, 2013 онд АНУ-д шинжлэх ухааны магистрыг хөдөлмөрийн болон эрүүл ахуй, орчны эрүүл ахуйгаар хамгаалж, 2015 онд Хөдөлмөрийн эрүүл ахуйгаар анагаах ухааны доктор болсон юм. Мэргэжлээрээ 16 дахь жилдээ ажиллаж байна. АШУҮС-д тэнхимийн эрхлэгч, багш, судлаачаар ажиллаж байгаад 2018 оноос Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын Үндэсний холбоог үүсгэн байгуулж тэргүүлэн ажиллаж байна. 


Б.Болд, С.Туул

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ