Монголын нууц товчоог шинээр "сэрээж" эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-24 21:59:24
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын нууц товчоо /МНТ/”-ны латин галигуудыг нягтлан, өнөөг хүртэл цэгцэрч нэг мөр болгон тайлаагүй байгаа эртний үгсийг хадан бичгийн дурсгал, 1000 жилийн өмнөх Диван Лугат тольтой харьцуулан сэрээж, “Алтан дэвтэр” нэрээр гаргахаар ажиллаж эхэлснээ “Сэргэлэн интернэйшнл экспедишн” /СИЭ/ ТББ-аас танилцууллаа. 


"Монголын нууц товчоо"-г хятад ханзаас латин галигт буулгасан эхийг кирил бичгээр шинээр хөрвүүлэн буулгахдаа үг зүй, өгүүлбэр зүйн бүрэн задаргаа хийж буй бөгөөд ингэхдээ нэг ч өгүүлбэрийг хөндөхгүй, нэг ч үг нэмэхгүй, бас үг хасахгүй, нэг ч үгийн дагавар, нөхцөлийг орхигдуулахгүйгээр тайлан гаргахаа тус байгууллагынхан МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.



 “СИЭ” ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн хэвлэлийн хурлыг нээж хэлэхдээ, “Монгол хүн бүрийн хамгийн сайн мэдэх “Монголын нууц товчоо” гэдэг нэрийг сүүлд оросууд өгсөн, зохиомол нэр юм. Алтан дэвтэр ном нь хааны ордон дотор хадгалагддаг, зөвхөн тодорхой эрх бүхий хүмүүс судалдаг ном байсныг Рашид Ад Дин “Судрын чуулган” номдоо өгүүлээд, Чингис хааны дээдэс, түүний бага нас, мөн Их хааны өв хэрхэн хуваагдсан тухай дөрвөн агууламжийг дурдсан байдаг. Эдгээр агууламж нь Юань төрийн ордноос хураагдсан, өдгөө бидний хэлж заншсан "Монголын нууц товчоо"-ныхтой таардаг. Рашид Бээжинд очоогүй, мөн уг номыг уншаагүй нэгэн боловч Перс дэх Ил хаант төрийнхөн уг номыг мэдэхийн дээдээр мэдэж байжээ” хэмээн тэмдэглэв. 



Мөн “Монголын нууц товчоо” гэх нэрийн тухайд тэрбээр өгүүлэхдээ, "Юань төрийн ордонд байсан уг номд “Юань төрийн далд түүх” гэх нэрийг Дунд орныхон хожим оноосон. “Сокровенное сказание монголов” буюу “Монголчуудын нууц өгүүлэл” нэрийг ЗХУ-ын академич Поппе оноосон. 1941 онд уг номыг орос хэлээр сэрээж, тус номдоо “Сокровенное сказание. Юань чао биши”-“Нууц өгүүлэл. Юань төрийн нууц түүх” гэх нэрийг С.А.Козин өгсөн. 1947 онд С.А.Козины бүтээлийг “Монголын нууц товчоо” нэрээр Ц.Дамдинсүрэн БНМАУ-д хэвлүүлсэн" хэмээлээ. 


“СИЭ” ТББ-ыг үүсгэн байгуулагч, археологич Д.Эрдэнэбаатар, "Манай түүхчид болоод гадны түүхчдийн дийлэнх нь биднийг нүүдэлчид гэж үздэг. Гэтэл бид хаанаас ч ирээгүй, хаашаа ч яваагүй эх нутагтаа бүх түүх соёлоо бий болгосон. Энэ нь археологийн болон бичгийн судалгаагаар тодорхой болсон учир бид мал аж ахуйн соёлыг хүн төрөлхтний түүхэнд бий болгосон гэж үзэж болно. Хоёрдугаарт, бидний хэл бичгийн хэлийг шинэ хэл гэж тайлбарлах хүмүүс бий. Энэ бол нэг нь нүүж яваад нөгөө нь нүүж ирээд олон хэл холилдсон мэт харагдуулдаг. Бидний мэдэж буйгаар 2000 жилийн тэртээ үүсэж бий болсон хэлээр өнөөдөр ч бид ярьж, бичиж байна" гэв. 


“СИЭ” ТББ-ын гишүүн А.Ганзориг, “Алтан дэвтэр” буюу МНТ-г бүрэн сэргээхэд латин галиг үсэгт хөрвүүлэх судалгааны ажил чухал үүрэгтэй. Энэ дэвтрийг галигт хөрвүүлэх, тайлах ажлыг судлаач нар эртнээс хийж байсан боловч, 1936 онд л латин галигт хөрвүүлэх боломж бүрдэж олон бүтээл гарчээ. ОХУ-ын эрдэмтэн С.А.Козин 1941 онд энэ бүтээлийг галигт бүрэн хөрвүүлснээс гадна, орос хэлнээ орчуулан нийтэд түгээсэн нь "Монголын нууц товчоо" судлалд чухал түүхэн үе болсон. Түүнээс хойш, олон эрдэмтэн энэ дэвтрийг латин, кирил үсэгт хөрвүүлэн судалжээ. Судлан үзэхэд монгол хэлтэй судлаач нар л эл бүтээлийг латин галиг үсэгт илүү нарийвчлалтай хөрвүүлжээ. Иймд, өөрийн орны болон Өвөр Монголын эрдэмтдийн бүтээлийг сонгон авч галиг судлалын ажлыг хийв. Тухайлбал, Манай орны эрдэмтэн судлаач Б.Сумьяабаатар, Т.Дашцэдэн, Өвөр Монголын судлаач Г.Баяр, Япон Улсын судлаач Hitoshi Kuribayashi нарын бүтээлийг сонгон аваад байна. Тэдний хийсэн латин галиг үсэгт зөрүү бага байгаа нь энэ бүтээлийн галиг нэлээд сайн судлагдсан гэдгийг харуулсан" гэв.



“СИЭ” ТББ-ын гишүүн Б.Хандмаа, "Монголын нууц товчооны хятад ханзыг латин галигт буулгасан эхийг кирил бичгээр шинээр хөрвүүлэх энэ ажлын нэг хэсэг нь үг зүй, өгүүлбэр зүйн задаргаа юм. Үг зүйн задаргаа нь үгийн эх утгыг тогтооно. Ингэснээр монгол үгээ зөв хэрэглэнэ гэсэн үг. Өгүүлбэр зүйн задаргаа хийснээр уг өгүүлбэрийн гол утга, тухайн өгүүлбэрээр илэрхийлэх гэсэн агууламжийг тогтоодгоороо ач холбогдолтой байдаг. Иймээс "СИЭ" ТББ нийт ард иргэдэд ойлгомжтой, цааш хөгжүүлээд явж болох, дэвшилтэт аргыг боловсруулан ажиллаж байна. Ингээд МНТ-ны өгүүлбэрийн задаргаа хийхэд бидэнд юу ажиглагдав аа гэхээр, яг хадан бичиг шиг өргөн дэлгэр утга илэрхийлэх мөртөө, өгүүлбэрийн бүтцийн хувьд маш нягт байгаа нь ажиглагдлаа. Манай үг зүйн багийнхан МНТ-нд 2400 орчим өгүүлбэр байна гэсэн судалгаа гаргасан. Харин энэ тоо бидний судалгааны явцад илүү цөөн болох төлөв ажиглагдаж байна. Учир  нь өнөөг хүртэл кирил бичгээр гаргасан эхүүдэд зарим үгийг хассан, онхи орхисон, судлаачид өөр өөрийнхөөрөө өнөөгийн өнцгөөр тайлбарласан байдал ажиглагдаж байна. Харин бидний хувьд МНТ-ны нэг ч үг, нөхцөл дагаварыг хөндөж орхигдуулахгүйгээр, эх сурвалжийг эх сурвалжтай харьцуулан сэрээж байгаагаараа онцлогтой " хэмээн тодотгов. 


"СИЭ" ТББ “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалж номоо энэ оны 10-р сарын 1-ний дотор сэрээн гаргахаар ажиллаж байгаа юм байна.


Холбоотой мэдээ