Голуудын усны түвшин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-23 20:59:41

Төв /МОНЦАМЭ/.  Өнөөдрийн байдлаар Хэрлэн голын дагуух Хэрлэн-Хонгон, Хэрлэн-Мөнгөнморьт зэрэг томоохон голуудын усны түвшин  олон жилийн дунджаас 54 см ахиу, бусад голуудын усны түвшин хэвийн байгаа гэж аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын инженер Б.Мөнхдолгор хэллээ.

Харин өчигдрийн байдлаар Батсүмбэр сумын Сөгнөгөр голын усны түвшин үерийн түвшингээс 39 см давж үерлэсэн бол өнөөдөр буусан байгаа аж.

Иймд голын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ташрамд, Төв аймгийн УЦУОШГ нь ус судлалын долоон харуултай бөгөөд Батсүмбэр суманд Сөгнөгөр гол, Туул голд Туул-Алтанбулаг, Лүн, Заамар, Хэрлэн голын дагуу Хэрлэн-Хонгон, Хэрлэн-Мөнгөнморьт, Борнуурт суманд Шивэрт борнуурт тус тус байдаг. 

Холбоотой мэдээ