Гадаад харилцааны сайд цар тахалтай тэмцэх асуудлаарх өндөр түвшний цахим хуралд оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-19 09:46:30
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр БНХАУ-ын Засгийн газраас санаачлан зохион байгуулсан “Бүс ба Замын олон улсын хамтын ажиллагаа: Ковид-19-тэй эв санааны нэгдэлтэйгээр тэмцэх нь” сэдэвт өндөр түвшний цахим хуралд оролцож, үг хэллээ. 


Тус хуралд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ерөнхий зохицуулагч нар болон 26 улсын Шадар сайд, Гадаад харилцааны сайд, дэд сайдын түвшний төлөөлөгчид оролцсон байна. 



Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ дэлхий нийт урьд өмнө тулгарч байгаагүй хүнд сорилттой нүүр тулж байгаа хэдий ч улс орнууд найрамдал, эв санааны нэгдэлтэйгээр хариу арга хэмжээ авч, бие биедээ харилцан дэмжлэг үзүүлж буй тул цар тахлын эсрэг хийж буй тэмцэлд ялна гэдэгт бүрэн итгэлтэй буйгаа илэрхийлжээ. Тэрээр цар тахлын халдварыг зогсоож, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь эдүгээ улс орнуудын эн тэргүүний зорилт болж буйг дурдаж, цар тахлын үед хамтран ажиллах эмнэлгийн түргэн байрших нэгжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага дор бүс нутгуудад байгуулах санаачилгыг Монгол Улс дэвшүүлэн ажиллаж буйг тэмдэглэжээ.  


Мөн цар тахлын нөхцөл байдалд улс орнууд гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг явуулахад эрүүл мэндийн итгэлцлийг бэхжүүлэх шаардлага бий болж буйг онцолж, худалдаа, эдийн засгийн харилцааг аль болох хэвийн явуулахын тулд хорио цээрийн шинэ тогтолцоо бий болгох, “хөдөлгөөнт карантин” зэрэг шинэ ойлголтыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. 


Түүнчлэн Монгол, Хятадын хооронд эрүүл мэндийн итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсний үр дүнд хоёр улсын худалдаа аажмаар нэмэгдэж буй бөгөөд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэх боломж урьдын адил байгааг тэмдэглэжээ.


“Бүс ба Замын олон улсын хамтын ажиллагаа: Ковид-19-тэй эв санааны нэгдэлтэйгээр тэмцэх нь” сэдэвт өндөр түвшний видео хурлын дүнгээр “Хамтарсан мэдэгдэл” гаргасан байна. Хуралд оролцогч орнууд “Эрүүл мэндийн Торгоны зам” байгуулах, дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эдийн засгийн сэргэлтийг дэмжих, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг чиглэлээр цаашид хамтын ажиллагааны уялдаа, зохицуулалтыг сайжруулахаа “Хамтарсан мэдэгдэл”-д илэрхийлсэн. “Хамтарсан мэдэгдэл”-д манай талаас дэвшүүлсэн цар тахлын үед хамтран ажиллах эмнэлгийн түргэн байрших нэгж байгуулах саналыг дэмжиж буйг тусгажээ. 


Холбоотой мэдээ