БНСУ-аас тусгай нислэгээр 266 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-18 18:37:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг Чингис хаан олон улсын нисэх буудалд өнөөдөр  17.40 цагт газардлаа. Тус нислэгээр БНСУ-аас нутаг буцах хүндэтгэн үзэх шалтгаантай 266 иргэнийг эх оронд нь татан авчээ. 


Тус нислэгээр, бага насны хүүхэдтэй 41, өндөр настан 16, жирэмсэн 13, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай 31, цагаачлалын албанд саатуулагдсан 77, оюутан, санхүүгийн хүндрэлтэй, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн байна. Эдгээр иргэдийг холбогдох журмын дагуу 21 хоног тусгаарлах юм. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1813, гэрийн хяналтад 1588 иргэн байна.


УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, ирэх сарын эхний хагас хүртэлх тусгай нислэгийн хуваарийг баталжээ. Тодруулбал, энэ сард ес, ирэх сарын эхний хагаст таван нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Өчигдөр Хойд Америкт буй иргэдээ татан авах тусгай нислэгээр Сөүл хотоос 258 иргэн ирсэн. Харин маргааш ХБНГУ-ын Франкфурт хот руу нисэж тус улсад байгаа иргэдээ татан авна. Мөн энэ сарын 20-ны орой Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авах тусгай нислэг Сөүл хот руу нисэх төлөвлөгөө гарчээ. Харин АНУ-ын Сиэтл хотод тусламж хүргээд буцахдаа иргэдээ татан авах тусгай нислэг энэ сарын 24-ний өглөө Улаанбаатарт газардах хуваарь гарчээ. Ингэснээр зургаадугаар сард хилийн чанадад байгаа нийт 2300 орчим иргэнээ татан авах юм. 


Засгийн газар, УОК-оос долоодугаар сарын эхний хагас хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах чиглэл гаргажээ. Хэдийгээр албан ёсны шийдвэр гараагүй ч долоодугаар сарын эхний хагаст хилийн чанадад байгаа иргэдээ татан авах таван тусгай нислэгийн хуваарийг мөн батлуулсан байна. Өнөөдрийн байдлаар, дэлхийн 44 улсаас нутаг буцах хүсэлтэй 10 355 иргэн байна.

Холбоотой мэдээ