Бүслэгдсэн атлаа ялалт байгуулсан Катар

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-06-17 14:44:44

Катарын эсрэг бүслэлт үргэлжилсээр одоо 4 дэх жилдээ орж байна. Персийн булангийн арабын улсуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын дунд хагарал үүсгэсэн энэ бүслэлтийн ажиллагаа нь бүслэгч улсуудын хүсч байсан үр дүнд хүрсэнгүй. Өнөөдөр Катар улс бүслэлт эхэлж байх үеийнхээс илүү хүчирхэг болсон тухай Ливаны “Al Modon” сонинд бичжээ.


Катарын мэдээллийн “Кана” агентлагийн цахим хуудсанд хакерууд халдаж, тус улсын эмир шейх Тамим бен Хамад аль Тани-гийн хийсэн гэх хуурамч мэдэгдэл цацагдсаны дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 5-нд Саудын Араб, АНЭУ, Египет, Бахрейн улс Катарын эсрэг бойкот зарлаж байгаагаа мэдэгдсэн билээ.

шейх Тамим бен Хамад аль Тани


Эдгээр дөрвөн улс Катарын эрх баригчдад хандан Ирантай тогтоосон харилцаагаа таслах, хэт даврагчдыг дэмжихээ болих, телевизийн Al Jazeera сувгийн үйл ажиллагааг зогсоох, Туркийн цэргийн баазыг хаах шаардлагуудыг тавьжээ. Харин катарчууд эдгээр шаардлагыг хүлээж аваагүй учраас дээрх 4 улс Катартай тогтоосон бүх харилцаагаа таслав. Саудын Арабын эрх баригчид хуурай замын хилээ хаасан бол бүгдээрээ нийлээд Катарын агаарын тээврийн Qatar Airways компанийн нисэх онгоцууд нутаг дээгүүр нь дамжин өнгөрөх, иргэд нь Катарт очихыг хориглов.


Гэсэн хэдий ч одоо дээрх улсууд тусгаар тогтносон хүчирхэг Катар улс оршин байгаа гэдэгтэй эвлэрэхээс аргагүй болсон мэт санагдана. Катар бол бусдаас хамааралгүй байхыг эрмэлздэг бөгөөд түүний гадаад дотоод бодлого нь үндэсний ашиг сонирхол, бүрэн эрхт байдал, олон улсын эрхзүй ба хөрш орнууд, ахан дүүгийн харилцаат орнуудаа хүндэтгэх явдал дээр үндэслэдэг.  


Бүслэлтийн үеэр


Гурван жилийн турш бүслэлтэнд байсан хэдий ч Катар улс дэлхийн олон улс оронтой стратегийн харилцаагаа бэхжүүлж чадлаа. Олон улсын тавцан дахь зонхилох том хүчнүүдтэй харилцах дипломат гүүрийг тавьснаар Катар улс Персийн булан, Арабын ертөнц дэх нөлөө бүхий орон болж хувирчээ.


Саудын Арабаар дайран дэлхий рүү гарах цорын ганц гарцыг нь хаасан бүслэлтийн сөрөг үр дагаврыг саармагжуулахын тулд бүслэлтийн эхний өдрөөс Катарын эрх баригчид бүхий л арга хэрэгслийг ашиглаж, өөрийн хүчинд тулгуурласны ачаар эдийн засгийн бэрхшээлүүдийг даван туулж чаджээ. Ингэснээр бүслэлт нь эсрэгээр тус улсын эдийн засгийн хөгжлийг түргэсгэж, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлсэн байна. 


Дохагийн засгийн газар эдийн засгийн шинэчлэлийн багц арга хэмжээг зоригтойгоор хэрэгжүүлсэн нь хориг бүслэлтийг өөрт ашигтайгаар эргүүлж, дотоод гадаадад ихээхэн амжилт олох боломжийг олголоо. Катар улс олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр өөрийгөө хангадаг болжээ.


Бүслэлт нь дотоодын аж үйлдвэрийн хөгжлийг түргэсгэж, 2019 оны эцсийн байдлаар янз бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг болон бүртгүүлсэн үйлдвэрүүдийн тоо 1464-д хүрсэн байна. Хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн экспорт нэмэгдэж, үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүд олон орны зах зээлд гарчээ.  


Катарчууд өмнө нь зөрчилдөөнтэй байсан Турк, Иран улстай эдийн засаг, худалдааны түншлэлийн харилцаа тогтоов. “Хамад” боомтыг нээснээр Катарын экспорт эрс нэмэгдэж, уг боомт одоо Ойрхи Дорнодын хамгийн том боомтуудын нэг болоод байна. Бүслэлтийг сэтлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Хамад боомт нээгдсэнээр усан замын тээврийн шинэ чиглэлүүд бий болж, улс орныг нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр хангах, 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд олон тооны дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болж байна. 

Хамад боомт 


Улс төрийн тавцанд


Хөрш орнуудтайгаа харьцуулахад катарчууд улс төрийн хувьд гойд илүү амжилт олжээ. Улсынх нь нэр хүндийг унагах гэсэн оролдлогыг сөрөн зогсож, олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаагаа хэвээр хадгалж, дарамт шахалтыг арга ухаанаараа даван гарч чадлаа.


Катарчууд хилийн чанадад улс төрийн томоохон үүрэг рольтой хэвээр байгаа нь “Арабын хавар” хувьсгалын үеэр тодорхой харагдсан. Мөн саяхан АНУ ба Афганистаны “Талибан” хөдөлгөөний хооронд энхийн хэлэлцээ хийхэд зуучилсан ба хэлэлцээний үр дүнд 2011 оноос хойш үргэлжилсэн дайныг зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.


Эвлэрүүлэх оролдлогууд бүтэлгүйтсэн нь 


Катар ба бүслэлт хийж буй орнуудыг хооронд нь эвлэрүүлэх гэсэн Кувейтийн оролдлогууд бүтэлгүйтсэн боловч тус улсын Ерөнхий сайд Сабах аль-Халед ас-Сабах найдлага тасраагүй гэдгийг онцлон тэмдэглэлээ. Талууд зөрчилдөөнөө зогсоох чиг хандлага руу нэгэнт орсон бөгөөд Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн улсуудыг хооронд нь эвлэрүүлэх, тэдгээрийн эв нэгдлийг хангах нь Кувейт улсын хувьд чухал зорилт мөн гэдгийг Сабах аль-Халед ас-Сабах  дурдсан байна. 


Персийн булангийн орнуудыг эвлэрүүлэх гэсэн АНУ-ын оролдлого ч мөн бүтэлгүйтжээ. “Wall Street Journal” сонинд бичсэнээр, хямралыг зохицуулахын тулд АНУ-ын засаг захиргаа шинэ арга замыг сонгожээ. Америкчууд Саудын Араб, АНЭУ хоёрт шахалт үзүүлэх замаар Qatar Airways компанийн эсрэг авсан хоригийг цуцлуулахаар оролдож байна. Сонинд бичсэнээр, Катарын онгоцнуудын нислэгийг хориглосон шийдвэрийг цуцлуулахын тулд Трамп өөрөө биечлэн Саудын Арабын удирдагчдад шахалт үзүүлжээ. Хоригийн улмаас Катарын онгоцууд Ираны агаарын орон зайг ашиглаж байгаа нь орлого олох боломжийг Тегеранд олгож байгаа юм.


“Wall Street Journal” сонинд Америкийн нэгэн албан тушаалтны мэдэгдсэнийг иш татан бичсэнийг үзвэл, агаарын орон зайтай холбоотой асуудал тун удахгүй шийдэгдэх бөгөөд учир нь, Qatar Airways компанийн нислэгүүдээс Ираны төсөвт мөнгө орж байгаад Америкийн тал дургүйцэж байгаа аж. 


Бүслэлтийн жилүүдэд Катарын тал зөвшилцөлд хүрэх, үүний тулд буулт хийхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлсээр ирсэн. Өнгөрсөн онд Катарын Гадаад харилцааны сайд, шейх Мухаммед бен Абдель Рахман Аль Тани асуудлыг хэлэлцэхээр Эр-Риядад хоёр ч удаа очсоноор хэлэлцээнд ахиц гарч байсан боловч Саудын Арабын тал яриа хэлэлцээг гэнэт зогсоосон байна.   


Энэ оны 2 дугаар сарын 15-нд Катарын Гадаад харилцааны сайд “хямралыг зохицуулахад чиглэсэн манай улс ба Саудын Араб, АНЭУ-ын хамтын хүчин чармайлт амжилтанд хүрсэнгүй, яриа хэлэлцээ бүтэлгүйтсэний хариуцлагыг Катар улс хүлээхгүй, гэхдээ хэлэлцээг сэргээхэд бэлэн байна” гэж мэдэгджээ.     


Гэвч хэлэлцээ сэргэсэнгүй, цаашдаа сэргэх эсэх нь ч тодорхойгүй байна. Гурван жилийн өмнө эхэлсэн бүслэлт үргэлжилсэн хэвээр. Өнгөрсөн хугацаанд бүслэлт хийж буй улсууд Катарт өөрсдийн нөхцөл болзлыг тулгаж чадаагүй бөгөөд катарчууд хямралыг амжилттай даван туулж чаджээ. Катар улс өөрийн хүч нөлөөг илтгэн харуулахад өнгөрсөн цаг хугацаа хангалттай байлаа. Өнөөдөр тус улсын хувьд бүслэлт гэдэг нь хоёрдугаар зэргийн асуудал болон хувирчээ.


Катарын тухай товчхон: Хүн ам - 2,6 сая, нутаг дэвсгэрийн хэмжээ - 11 586 км², байгалийн хийн нөөцөөр дэлхийд 3 дугаарт ордог. Нэг хүнд ногдох ДНБ -70,8 мянган ам. доллар /ОУВС, 2018 оны мэдээлэл/


Б.Адъяахүү

Эх сурвалж: https://inosmi.ru/politic/20200610/247577305.html

Холбоотой мэдээ