Улсын хэмжээнд 2.1 сая сонгогчийн нэрсийн жагсаалт гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Бүртгэлийн ерөнхий газраас мэдээлснээр өнөөдрийн байдлаар манай улсын 2.1 сая иргэн сонгуульд санал өгөхөөр бүртгэгдэн сонгогчийн нэрсийн жагсаалт гараад байна.
Сонгуульд оролцон саналаа өгөх иргэд өөрсдийн нэр сонгогчдын нэрсийн жагсаалтад байгаа эсэхээ burtgel.gov.mn цахим сайтаар орж баталгаажуулж болно. Энэ хугацаа 6 дугаар сарын 10-наар дуусгавар болох юм.
УИХ-ын 2020 оны сонгуулийг явуулахаар улсын хэмжээнд санал авах 2070 хэсгийн хороо байгуулагдаад байна.
Энэ хугацаанд иргэд өөрсдийн мэдээлэлтэй холбоотой санал гомдол гаргах, цаасан болон цахим мэдээлэлтэй танилцаж боломжтой юм. Нэг ёсондоо нэр давхцсан эсэх, оршин суух хаяг бүрэн эсэх, нэр буруу бичигдэх зэргийг шалгах юм.
УИХ-ын 2020 оны сонгуулийг явуулахаар улсын хэмжээнд санал авах 2070 хэсгийн хороо байгуулагдаад байна. Эдгээрт сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүргүүлжээ.
Сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжин суурьших, бүртгэхийг өнгөрсөн 2 дугаар сарын 1-нээс хязгаарлаад байгаа юм. Харин сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж буй цагдаагийн албан хаагчийн сонгон шилжилтийг хийх, бүртгэхийг сонгуулийн санал авах өдрөөс 14 доошгүй хоногт шийдвэрлэх юм.
Тодруулга: Монгол Улсад бүртгэлтэй 3.3 сая иргэний 2.1 сая гаруй нь сонгуулийн насных юм. Тодруулбал, 18-24 насны 324 мянга гаруй, харин 25-45 насны сая орчим, 45-аас дээш насны 740 мянган иргэн байна.