Хүүхэд нэг бүрт тавих анхаарлаа сайжруулахыг илтгэлд онцолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-06-04 16:41:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Илтгэх урлагийн 2020 оны аймгийн аварга шалгаруулах уралдаан”-ыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас зохион байгууллаа.

“Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрх ба хамгаалал” сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр зохион байгуулсан тус уралдаанд 16 сурагч оролцжээ. Цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж буй байгаль, дэлхийн онцлог, хүний буруутай үйл ажиллагаанаас хамаарч аюул осол, гамшгийн гаралт байнга нэмэгдэж байгааг хүүхдүүд бүтээлдээ дурдаж байв. Үүний улмаас хүүхдийн аюулгүй байдал алдагдах, хараа хяналтгүй орхигдох, ёс зүй, хүмүүжил төлөвшлөөс хоцрох, дэлгэцэнд донтох, амьд харилцаа үгүй болох, төрөл бүрийн хүчирхийлэл, дарамтад өртөх зэрэг олон тулгамдсан асуудал нүүрлэж байгааг илтгэлдээ онцолсон байна.

Тиймээс хүүхэд нэг бүрт тавих анхаарлаа сайжруулах, эцэг, эхчүүдийг үр хүүхдэдээ цаг зав гарган ярилцдаг байх, эрсдэлт нөхцөлд амьдардаг хүүхдүүдийг онцгой анхаарч халамжилдаг байхыг холбогдох байгууллагууд, олон нийтээс хүсч байлаа.

Илтгэлийн уралдааны тэргүүн байрыг Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Манал эзэлжээ.

Холбоотой мэдээ